Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан ерөнхий сонсголтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөхдөө “Сонсгол зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Шинжээчийн дүгнэлт бол шүүхийн шийдвэр биш. Шинжээчийн дүгнэлтэд бүх юм суурилаад явж болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Мөн энэ үеэр арьс, ширний урамшуулал олгож байгаа ч боловсруулах үйлдвэргүй байгааг шүүмжилж, Ховд аймагт гацсан арьс, ширний үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулах санал дэвшүүлэв. Тэрбээр “Арьс, ширний урамшуулал өгөөд байгаа хэр нь өнөөдөр арьс, шир боловсруулах нэг ч үйлдвэр алга. Ноос, ноолуурын урамшууллыг олгодгоороо олгоно. Харин Ховд аймаг дахь гацсан байгаа арьс, ширний үйлдвэрээ 2027 онд ашиглалтад оруулъя. Өвөрхангайд хоёр үйлдвэр баригдчихсан хэр нь цэвэрлэх байгууламжгүй байгаа үйлдвэрийг урагшлуулъя гэж байгаа" гэсэн юм.
Мөн "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд ээрэх үйлдвэр гэхэд 400 тонноор нэмэгдээд, сүлжих үйлдвэрлэл 200 мянган ширхэгээр хүчин чадал нь нэмэгдээд явж байгаа. Ноолуурын бизнес бол хэн дуртай нь хийчихдэг юм биш. Өмнө нь БНХАУ-ын ченжүүд орон нутагт ирж, ноолуурыг хамгийн түрүүнд худалдан авдаг байсан бол одоо үндэсний үйлдвэрлэгчид түрүүлж худалдан авдаг болсон. Хөдөө аж ахуйн салбарт бас ахиц дэвшил байгаа” хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ: