П.Сувданчимэг: Ээж, аавуудын өөртөө итгэлтэй байдал хүүхдийнх нь аз жаргалын түвшинд шууд нөлөөлдөг

П.Сувданчимэг: Ээж, аавуудын өөртөө итгэлтэй байдал хүүхдийнх нь аз жаргалын түвшинд шууд нөлөөлдөг

Өөрийн хайртай хүүхдэдээ, хүндэлж явдаг удирдлагадаа, үнэлж яваа ажилтандаа “хүсээгүй үг”-ээ хэлж, өөрийн мэдэлгүй сэтгэл хөдлөлдөө автан тэдэнд уурлаж, шүүмжилж, зохисгүй үг хэлдэг. Энэ бол бид “Сэтгэл хөдлөл”-өө удирдах чадвар сул байгаагийн шинж аж.

Өөрчлөгдөн буй энэ нийгэмд хүүхдүүд эцэг эх, багш нарын ачаар IQ өндөртэй болж байгаа хэдий ч зөвхөн оюуны чадамж хангалттай бус харин EQ буюу өөрийн чадвараа зөвөөр ашиглах, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах, бусдын сэтгэл хөдлөлийг хүлээж авах, зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд тууштай хичээж чадах сэтгэлийн чадваргүй бол ирээдүйд амжилтанд хүрэх боломжгүй хэмээн үзэх болж.

Дэлхийн сургалтын чиг хандлага ч IQ-ээс илүүтэй EQ гэх сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцуулахад төвлөрч эхэллээ.

Бид энэ удаа уншигч та бүхэнтэйгээ EQ гэж юу болох, яагаад чухал болох, эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг ойлгох нь ямар ач холбогдолтой зэрэг сэдвүүдээр “Q Education group”-ийн Хүүхдийн сэтгэл судлаач П.Сувданчимэгтэй ярилцлаа.

QEducation группынхэн эцэг эхчүүд, хүүхдүүдэд зориулан “EQ Talk”нэртэй шинэхэн подкаст гаргаад буй билээ.

БУСДЫН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ БУРУУТГАЖ, ШҮҮМЖЛЭЛГҮЙГЭЭР ОЙЛГОХ ЧАДВАРТАЙ ХҮНИЙГ EQ ӨНДӨР ГЭЖ ҮЗЭХ БӨГӨӨД ИЙМ ХҮМҮҮС ИЛҮҮ АМЖИЛТТАЙ БАЙДАГ

-IQ гэх ойлголтыг Монголчууд чухалд тооцоод удаж байна. Тиймээс ч энэ төрлөөр хүүхдээ хичээллүүлэх сонирхол их байдаг. Гэтэл одоо EQ гэх шинэ ойлголт гараад ирлээ. Юугаараа ялгаатай юм бэ?

Аливаа шинжлэх ухааны ололт гэдэг олонд түгэхийн тулд 5-10 жил шаарддаг. IQ буюу оюун ухааны чадвар гэх ойлголтыг нээснээс хойш 1990-2000 онд их зонхилсон бөгөөд үүнийг чухалд тооцохын томоохон шалтгаан нь аж үйлдвэржилтийн үе байсан  юм. Тухайн үед шинийг сэтгэдэг, юмны учир шалтгааныг олох чадвартай, машин техник сайн мэддэг хүмүүс IQ өндөртэй  байж ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг байлаа. Харин одоо эрин зуун өөрчлөгдөж, шинэ зүйл бүтээхээсээ илүүтэй бүтээсэн зүйлийг хэрхэн өндөр бүтээмжтэйгээр үйлдвэрлэх, тоог нэмэгдүүлэх вэ? гэдэг өөр түвшинд очиж байна л даа. Тэгэхээр хүмүүсийг ажиллуулж чаддаг, бүтээмжтэй байлгаж чаддаг удирдагч, тийм ажлын орчин чухал болоод байна.  Гэтэл ажил дээрээ муудалцдаг, бие биедээ гомддог, ажлаа орхиж явдаг байдлууд ажлын бүтээмжийг унагадаг. EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадварын тухай анх олны анхаарлыг татан гаргаж ирсэн Daniel Goleman хэмээх эрдэмтэн байгууллагын соёлыг судлаад, ажлаа хийж буй хүмүүс амжилтад хүрч тушаал дэвшихэд чухам юу нөлөөлж байна вэ?, нөлөөлж буй зүйл нь “IQ” мөн үү гэтэл биш болох нь тогтоогдсон байдаг.

-EQ чухал гэдгийг ямар судалгаануудаар тодорхойлж гаргасан байдаг юм бол оо?

Бусдыг ойлгодог, хэн нэгэн хүнд нөхцөлд ороход оронд нь өөрийгөө тавьж үздэг, хүнийг хүн гэдэг утгаар нь харж харилцаж чаддаг буюу бусдын сэтгэл хөдлөлийг буруутгаж, шүүмжлэлгүйгээр ойлгох чадвартай хүнийг EQ өндөр гэж үзэх бөгөөд ийм хүмүүс илүү амжилттай байдаг гэдгийг Даниэль Гөүлмэн хэмээх эрдэмтэн олж тогтоосон байдаг. Тэрээр Харвардын Их Сургууль төгсөгчдийн дундах ажил эрхлэлтийн байдал болоод удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын дунд сэтгэл хөдлөлийн оюун ухааны судалгааг явуулсан байдаг.  Судалгааны дүнд удирдах албан тушаалтнуудын 90 хувь нь EQ өндөртэй гарсан бөгөөд энэ нь өөрийгөө болоод бусдыг ойлгох, өөрийгөө идэвхжүүлэх, сэдэлжүүлэх гэх зэрэг EQ-ийн үндсэн чадварууд хөгжсөнтэй холбоотой гэсэн үг юм. Харин гүйцэтгэх албан тушаалтнуудын 80 хувь нь EQ чадвар доогуур гарсан байдаг. Эндээс EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь ажил карьерийн хувьд амжилт бүтээлтэй байх хамт олон ч уур амьсгал бүрдүүлж чадах гэх зэргээр нөлөөлөгч болдог нь харагдаж байгаа юм.  

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ГЭДЭГ ЗҮЙЛ БИДЭНД БАЙХГҮЙ БОЛ ГАДНЫ ОРЧИНГ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХАА МЭДЭХГҮЙ

EQ гэдгийг сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэж та түрүүн хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ оюун ухаан нь шинжлэх ухааны үүднээс хэрхэн тодорхойлогдож хаана ямар арга замаар үүсч хөгжиж байдаг талаар нь ойлголт өгвөл?   

Сэтгэл хөдлөлийн физиологи үндсийг судлахад тархи судлаачид чухал хувь нэмэр оруулсан байдаг л даа. Сэтгэл хөдлөлийн үүднээс аваад үзвэл хүний тархийг бага тархи, дунд тархи, их тархи гэсэн 3 хэсэгт хуваан ойлгодог. Үүний хамгийн дотор хэсэгт бага тархи байрладаг бөгөөд энд ирсэн мэдээлэл нь бидний биеийн зохицуулалтыг хийж байдаг. Ер нь л бусад бусад тархины хэсгүүдтэй харьцуулахад төгс тархи гэж нэрлэгддэг л дээ. Бага тархийг хичнээн хөгжүүлье гээд хөгжүүлж чадахгүй шүү дээ. “За зүрхээ хөгжүүлээд, минутанд нэг цохилдог болгочихъё, халууцаад байх юм, хөгжүүлээд халууцахаар хөлөрдөггүй болгоно оо” гэх ойлголт байхгүй. Тэгэхээр энэ бол амьтанд ч байдаг төгс тархи юм.

Харин их тархи бол бидний хэлж, ярьж заншсан IQ-г хариуцдаг хэсэг юм. Бидний сэтгэн бодох, шийдвэр гаргах, нөхцөлүүдийг харгалзаж үзэх, математик, механик сэтгэлгээ гээд бүх зүйл гадна буюу их тархинд болж байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ мэдээллүүд хуримтлагдаж, ойлголтууд хадгалагдаж байдаг хэсэг юм. Харин түүний дотор талын хэсэг буюу дунд тархи бол бидний сэтгэл хөдлөл /emotion/ үүсдэг хэсэг юм. Emotion гэдэг нь e+motion гэсэн бүтэцтэй, e нь хөдөлгөөнийг илэрхийлдэг бол motion гэдэг нь Латин хэлэн дэх дохио, сигнал гэсэн үг.

Ингээд тархины бүтцийг харахад биднийг гадаад орчинтой танин мэдэхүйн хувьд холбодог хэсгүүд бол дунд болон их тархи юм. Гадаад орчны мэдээлэл бидний бага тархинаас эхлэн дамжиж их тархи хүртэл явдаг. Бага тархинд очиж байгаа мэдээлэл бидэнд удирдагдахгүйгээр бие хариу үйлдэл үзүүлж, бодисын солилцоо, зүрхний цохилт явагддаг гэдгийг урд дурдсан. Харин гадны мэдээлэл дараагийн тархи буюу дунд тархинд очиход бид юу вэ? гэдгийг таньж мэддэг. Үүний үр дүнд бидний бие ямар хариу үйлдэл үзүүлбэл тохиромжтойг сануулсан гормоныг ялгаруулж бидэнд дохио өгөх үүргийг дунд тархи хүлээдэг. Тэрхүү ялгарсан гормоны дохиогоор бид бүхэн харж буй зүйлээ “ав” гэдэг хөдөлгөөнийг яаж хийдэг, гадаа ямар нэг зүйл болохгүй байна гэдгийг уур бухимдал гэх зэрэг олон төрлийн гормон буюу сэтгэл хөдлөлийн тусламжтайгаар авдаг. Үүнийг илүү сайн ойлгохын тулд дунд тархи бүрэн хөгжөөгүй амьтны ертөнцийн амьдралыг харж болох юм. Хамгийн энгийн жишээ гэвэл яагаад загас жараахайгаа идээд байдаг вэ? Учир нь загасанд “Ивий минь хөөрхий минь, энэ миний хүүхэд шүү, том болгочих юмсан” гэх хайрын сэтгэл хөдлөл, энэрч өрөвдөх сэтгэл хөдлөл байхгүй. “Төрүүлчихлээ, энэ надтай адилхан амьтан байна” л гэдэг гаднах орчныг хүлээн авч буй дохио нь тэр. Амьтанд хоёр л хариу үйлдлийн систем байдаг. Тэр нь “Fight or Flight” буюу “Дайрч довтол эсвэл Зугт” байдлаар гадна орчныг хүлээн авдаг. Хүн харин түүнээс ялгаатай, төрөл бүрээр хүлээн авдаг нь сэтгэл хөдлөл юм. Бид юмсыг уурлаж, баярлаж, гомдож хүлээж авдаг бөгөөд энэ нь гадна орчинтой холбогдож буй бидний механизм юм. Сэтгэл хөдлөл гэдэг зүйл бидэнд байхгүй бол гадны орчныг яаж хүлээж авахаа мэдэхгүй шүү дээ. Хайртай хүн минь нас барлаа гэхэд сэтгэл хөдлөлгүй бол “хүн үхэж” ч гэж хүлээж авахгүй, харин тэр мэдрэмжүүд байгаа учраас харуусалтай, гунигтай байдаг. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг бол бидний биеийн эд эрхтэнтэй л адил чухал үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАЖ СУРАХ ЭХНИЙ АЛХАМ НЬ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БОЛ БИДНИЙ БИЕИЙН ЭД ЭРХТЭН ШИГ ЭНГИЙН ЗҮЙЛ ГЭДГИЙГ ОЙЛГОХ

Бид сэтгэл хөдлөлийг удирдах тухай ярьж байна. Магадгүй зарим хүмүүс “Би өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж чаддаг шүү дээ, уурламаар байвал уурладаг, энэ нь шулуун шударга”, эсвэл хэлмээр байгаа ч уураа тэвчээд дуугүй байж чаддаг гэх зэргээр ярьж магадгүй юм. Энэ нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвар мөн үү?

-Сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг ярихын урд мета сэтгэл хөдлөл гэдэг зүйлийн талаар ярих хэрэгтэй байдаг. Мета сэтгэл хөдлөл гэдэг нь сэтгэл хөдлөлийн талаарх хүмүүсийн өөрсдийнх нь бодол мэдрэмж. Жишээлбэл зарим хүмүүс уур шиг хэрэггүй зүйл алга гээд уурыг шууд үгүйсгэдэг. Зарим нь гуниглаж “эморох” ямар хэрэг байна аа гэдэг. Харин зарим нь дандаа жаргалтай байхыг хүсдэг. Сэтгэл хөдлөл мэдрэмжийн талаар хүний энэ мэт бодлууд бий. Сэтгэл хөдлөлөө удирдах хамгийн эхний алхам бол сэтгэл хөдлөлийг буруутгасан, үгүйсгэсэн бодлоо байхгүй болгох явдал юм. Өөрөөр хэлбэл, бүх сэтгэл хөдлөлийг зайлшгүй зүйл, бидний зүрх цохилдогтой адил, халууцахаар хөлс гардагтай адил зайлшгүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Уур гэдгийг буруутгаж харалгүйгээр, гуниг гэхээр сэтгэлийн тэнхээгүй байна гэлгүйгээр сэтгэл хөдлөл тус бүрийг хэвийн зүйл гэж харах хэрэгтэй. Үс гэдэг тархийг хамгаалах, дулаан байлгах үүрэгтэй гэдэг шиг сэтгэл хөдлөл гэдэг нь бидэнд гадаад орчны талаар мэдээлэл өгдөг, дата бааз шүү дээ. Ингээд л хараад эхэлбэл, “дарга дандаа уурлаж байдаг, ааш муутай” гэхийн оронд “дарга яагаад уурлав” гэдэг мэдээллийг авч эхэлдэг. Ингэж чадсанаар даргыг уурлахаар эргүүлээд уурлах биш, юу болохгүй байна гэдгийг ойлгож даргатайгаа хамт нэг өнцгөөс аливаа асуудлыг харж хариу үйлдэл үзүүлэх чадвар болдог. Өгсөн мэдээллийг бид боловсруулж чадахгүй л бол уур хүрвэл шууд цохих, шидлэх гэх мэтээр “гормоноороо харьцана”. Тиймээс сэтгэл хөдлөлөө удирдаж сурахын хамгийн эхний алхам нь сэтгэл хөдлөл бол бидний биеийн эд эрхтэн шиг энгийн зүйл юм гэдгийг ойлгож, дараа нь сэтгэл хөдлөл бидэнд ямар мэдээлэл өгч байна вэ? гэдгийг анзаарах юм.

-Монголчууд бид EQ-тэй одооноос л танилцаж эхэлж байна. Харин гадны сургалтын системд, ажлын байранд EQ-г хэрхэн ашигладаг талаар жишээ дурдвал?

Дэлхийн жишигт сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ бол гадаад орчны мэдээллийг зөвөөр хүлээн авах ухаан юм гэдгийг баримталж тэдгээр орчныг олон талаас ангилж хөтөлбөр боловсруулсан байдаг. Хамгийн түгээмэл хөтөлбөр бол хүний гадаад орчны талаарх мэдээллийг зөвөөр хүлээн авах буюу нийгмийн ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд юм. Үүнийг “SEL” буюу Social Emotional Learning гэж олон улсад нэрлэдэг. Хүн гадаад орчинтой харилцаж л байвал сэтгэл хөдлөл үүснэ. Тиймээс нийгмийн харилцаанд орж буй хүн бүр хэрхэн нийгэм буюу бусад хүмүүстэй харилцах вэ?, өөрөөр хэлбэл, хүүхэд сургууль дээрээ хүмүүстэй хэрхэн харилцахаа, тэдгээрээ ирж буй мэдээллээ хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй бол академик үр дүнд нь сөргөөр нөлөөлдөг болох нь олон судалгааны үр дүнгээр батлагдсан байдаг. Энгийн байдлаар харахад л сэтгэлээр унаж, гутарсан үед ямар хүүхэд хичээлээ сайн хийе гэж сэдэлжих билээ, хэн багшдаа байнга загнуулаад, ангийнхандаа “Чи тэнэг” гэж хэлүүлчихээд сурах сэдэлтэй, ирээдүйдээ итгэлтэй болох билээ. Тиймээс “SEL”, “EQ” зэргийг сургалтын хөтөлбөрт оруулж эхэлсэн байдаг. АНУ-д багш нарыг сурагчдынхаа сэтгэл хөдлөлийг удирдаж сургахад туслах 10 багц хичээл бүхий үнэгүй гарын авлага бүхий вебсайт хүртэл байдаг. Сургуулийн регистерийн дугаараар бүртгүүлээд тухайн хөтөлбөрийг авч хүүхдүүддээ хэрэгжүүлдэг. Ийм хөтөлбөрүүдийг багш нар хичээл орохын өмнөх 7-10 минутад орох, эсвэл өдөр бүрийн хичээлийн нэг цагийг хүүхдүүдэд хоорондоо мэдрэмжээ хуваалцах боломж болгон өгдөг. Хүүхдүүд тэр цагт бусдад тэр үгийг хэлэхэд ямар байсан, энэ үгийг сонсоход ямар санагдсан, хүүхдэд ийм мэдрэмж төрүүлснээ мэдсэнийхээ дараа чамд ямар сэтгэгдэл  төрж байна гэх мэтээр хоорондоо мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ярьдаг. Бид ч гэсэн хүүхдйн сэтгэл зүйн боловсролд зориулсан QKiddyZ контент төслөөрөө дамжуулан энэ ойлголтыг хүүхдүүдэд төлөвшүүлэхээр ажиллаж хүүхэд бүхэнд хамгийн ойр хүрэх боломжтойгоор нь үлгэрийн болоод дасгал ажлын номыг гаргасан байдаг. Ерөнхийдөө “Мэдрэмж бүхэн илэрхийлэгдэх ёстой, гэхдээ зөв замаар” гэдэг их чухал үгийг, их чухал агуулгыг бид онцолсон байгаа л даа.

Бид хүүхдүүдээ математик, IQ гээд сургаад л байдаг. Гэтэл тэдгээр зүйлсийг суралцах явцдаа ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж хуримтлагдаж байгааг анзаардаггүй нь харамсалтай санагддаг. Тухайн олимпиадад бэлдэх явцдаа ямар сэтгэлийн хат сууж байна, яаж шантарч өөрийгөө хурцалж байна гэх зэрэг мэдрэмжүүдийг өөрт нь ойлгуулах нь өөрийгөө таньж мэдэхэд нь маш чухал шүү дээ уг нь.

ЭЭЖ, ААВ БОЛОХЫНХОО ХУВЬД ХҮҮХДЭДЭЭ УУРЛАЖ, ГОМДОХ НЬ БАЙЖ БОЛОХ ЗҮЙЛ

-Аав ээжүүд ер нь хүүхдүүдийнхээ EQ-д хэрхэн нөлөөлдөг юм бол оо. Зарим нь хатуу гараар өсгөдөг, харин өөр нэг хэсэг нь хэт эрхлүүлж хатуу үг хэлэлгүй өсгөдөг нь EQ-д нөлөөлдөг үү?

-Хүүхдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадварт эцэг эхийн хоорондын болоод хүүхэдтэйгээ харилцах харилцаа чухал нөлөөтэй. АНУ-н Бөркли их сургуулиас хүүхдийн сэтгэл хөдлөл, аз жаргалын түвшинг судалсан олон судалгаа хийсэн байдаг. Тэдгээр судалгаанаас ээж, аавуудын өөртөө итгэлтэй байдал болон бие биедээ итгэдэг байдал нь хүүхдийнх нь өөрийнхөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдал болон аз жаргалын түвшинд шууд нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байдаг. Учир нь гэр бүлийн орчин бол хүүхдийн хамгийн анхны гадаад орчин, анхны дохио, анхны мэдээлэл байдаг. Тэгэхээр тэрхүү орчноос авсан мэдээлэл, дохио нь хүүхдийн дараагийн мэдрэмж сэтгэл хөдлөлүүдийн суурь үзүүлэлт нь болдог. Үүний хамгийн энгийн жишээ нь бид ямар нэг зүйлийг шинээр идэж үзэх үедээ тэр нь муухай байвал цаашид тэрхүү мэдрэмжээрээ хандаж, өөрөө ч мэдэлгүй дургүй болчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр гэр бүл бол хүүхдэд мэдрэмж, сэтгэл хөдлөл мэдрэх, тэдгээрийг илэрхийлэх анхны орчин нь учраас ээж, аавууд гэр бүлийн уур амьсгал, сэтгэл хөдлөлөө хуваалцах байдал дээрээ анхаарч, сайжруулахыг хичээж байх хэрэгтэй.

-Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг дасгалжуулах нь 40 хувийн биелэлттэй байдаг гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүд өөрийгөө “муу дасгалжуулагч” гэж сэтгэлээр унах хэрэггүй юу?

-Бид подкастан дээрээ энэхүү мэдээллийг хэлж байсан. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг ойлголоо гээд бүх зүйлсийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш юм аа. Ерөнхийдөө, хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг маш сайн ойлгодог эцэг эх байлаа гэхэд 40 хувь ойлгож хуваалцахад болно гэж үзэж байгаа юм. Тэгэхээр үлдсэн үед нь эцэг эх ч бас хүн учраас өөртөө сэтгэл хөдлөлийг мэдрэх завсар зай өгөх хэрэгтэй гэсэн санаа юм. Ээж, аав болохынхоо хувьд хүүхдэдээ уурлаж, гомдох нь байж болох зүйл. Харин ийм сэтгэл хөдлөл гаргасныхаа төлөө хүүхдээсээ уучлалт гуйж тэднийхээ ямар үг үйлдэл ээж, аавд нь ийм гормон ялгаруулж, сэтгэл хөдлөл бий болгосныг тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй. Ингэж хэлснээр эцэг эхчүүд өөрсдийгөө хүн гэдгээ ойлгож, хүүхэд нь бүх сэтгэл хөдлөл бидэнд байдаг л зүйл юм байна гэдэг бодолтой болох юм.

-Шулуухан хэлэхэд аав ээжүүд эхлээд өөрсдөө “хүмүүжсэн” байх ёстой шүү дээ. Энэ нь өөрсдийн EQ-ээ хөгжүүлэх хангалттай шалтгаан болов уу. Харин яаж гэдэг дээр та хариулт хэлбэл ?

Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг дасгалжуулахын тулд өөрөө сэтгэл хөдлөлийн талаар зөв бөгөөд цэгцтэй ойлголттой байх үнэхээр хэрэгтэй. Уур бол муу зүйл, буруу зүйл гэсэн бодолтой байж хүүхдээ уурлахыг болиулж чадахгүй. Тэгэхээр хүүхдээ сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад нь туслах эхний хүмүүс нь бол мэдээж эцэг эх, гэр бүл. Гэхдээ сэтгэл хөдлөлийг зөвөөр ойлгож хүлээж авдаг эцэг эх юм. Тиймээс ээж, аавууд маань өөрийн сэтгэл хөдлөлөө маш сайн ойлгодог, хүлээн зөвшөөрдөг байх шаардлагатай. Хүүхэд наснаас эхлээд л өөрт нь яагаад ийм сэтгэл хөдлөл бий болдог болсноо ойлгоно гэсэн үг юм.

Эцэг эхчүүд өөрийн сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авч, өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгохыг алхамтайгаар суралцаж болно. Мөн манай байгууллагаас жил гаруй хугацаанд хүүхдийн EQ ангийн сургалт явуулаад эцэг эхэд нь энэ талаар анхан шатны ойлголт өгөхийн чухлыг анзаарч, одоо эцэг эхчүүдэд зориулсан “Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг дасгалжуулах нь” сэдэвтэй сургалт ч зохион байгуулж байгаа. Энэ мэт бусдын тусламжтай аргууд байж болох ч хамгийн чухал зүйл бол эцэх эхчүүд минь тасралтгүй суралцахын чухлыг ойлгох ёстой. Төрөхөөс чинь эхлээд өдий хүртэл бий болчихсон сэтгэл хөдлөл үүсэх дадал учраас сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад их хүчин чармайлт шаардагддаг. Мөн сэтгэл хөдлөл болон сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгаа үйлдэл 2 нь ялгаатай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүдийг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг нь уурлаад хүүхдээ цохихыг хүлээн зөвшөөрнө гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл ба түүнийг илэрхийлэх үйлдлийн хоорондын ялгаа заагийг анзаарч сурах нь EQ-ээ хөгжүүлэхийн эхний алхам гэдгийг эцэг эхчүүддээ захиж хэлмээр байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ