ЧУУЛГАН: Захиалгаар хуулийн төсөл оруулж ирсэн хэмээн хэлэлцэхийг дэмжсэнгүй

ЧУУЛГАН: Захиалгаар хуулийн төсөл оруулж ирсэн хэмээн хэлэлцэхийг дэмжсэнгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхи уг хуулийг хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаалаа. 

Хууль зүйн сайд Ц.Нямдорж уг хуулийг танилцуулахдаа "Өнөөгийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.  Ингэснээр шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна" гэлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Улсын Дээд шүүхийн Д.Ганзориг гэдэг ерөнхий шүүгчийнхээ эрх мэдлийг нэмэгдүүлэх гээд байгаа юм биш үү, үнэртэж байна. Энэ хүнд захиргааны эрх мэдлийг нь нэмэгдүүлэх алхам мөнөөс мөн. Захиргааны эрх мэдэл нэмэгдэх хэрээр ажлын байрны дарамт, хууль бус нөлөөлөл үүсдэг. Түр хууль гэж байгаа боловч энэ нь бүр хууль болчих вий" гэлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүний асуултад хариулахдаа "УИХ дээр шүүхийн тухай дөрвөн хуулийн төсөл байгаа. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бий. Намрын чуулганаар хэлэлцэх чухал асуудал бол эдгээр хуулийг нэгтгэж эцэслэн батлах явдал. Өнөөдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас хэргийн түгжрэл бий болчихсон. 2400 гаруй хэрэг хуримтлагдаж байгаагийн 10 мянга орчим хэргийн оролцогчийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байна. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг өгнө. Өнөөдөр энэ зохицуулалт цоорхой байгаа. Хоёрдугаарт, хуульд заасан үндэслэлээр танхимын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд танхим хооронд сэлгүүлж шүүгчийг томилно гэсэн хоёр эрхийг олгож байгаа. Улсын Дээд шүүх 25 шүүгчтэй байх ёстойгоос 19 шүүгчтэй ажиллаж байна. Шинээр томилогдох шүүгч нарыг тэр, энэ танхимын шүүгч гэж заах нь өнөөдөр хуульд орхигдсон" гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хэний захиалгатайгаар гэнэт ээлжит бус чуулганаар энэ хуулийг яаралтайгаар оруулж ирэв. Энэ хуулиар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах, танхим хооронд сэлгэх эрх өгөх гэж байна. Шүүх хараат бус байна гэдэгт шүүгч шүүгчээсээ хараат бус байхыг ч хэлнэ. Шүүгчид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг хүмүүс бол шүүгчид өөрсдөө гэж гарсан. Гэтэл үүнийг одоо баталгаажуулах гэж байна. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна. Дуртай хэрэг дээрээ дуртай шүүгчээ оруулах эрхийг өгөх гэж байна. Таалагдахгүй байгаа шүүгчээ тоглоомын гадна үлдээх гэж байна. Тухайн шүүгч ямар хэрэг шийдэхийг Ерөнхий шүүгч мэдэхгүй байх зарчмыг бид суулгаж ирсэн. юунд бэлтгэж энэ хуулийг оруулж ирэв. Хэн хэний хэрэг Дээд шүүх дээр очих гэж байгаа болоод тэнд хонгил үүсгэх гээд байгаа юм бэ. Илт захиалгатай хууль байна. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа гэдэг нь энэ хуулийг батлах үндэслэл мөн үү. Үүнийг дээд шүүхийн Тамгын газрын даргаас асууя. Иргэний хэргийн шүүх хуралдаж байгаа юу? Ирц хүрэхгүйгээс хуралдахгүй байна гэж хууль санаачлагч хэлж байна. Иргэний танхим найман шүүгчтэй. Үүнээс тавыг нь Ерөнхийлөгч түдгэлзүүлж, хоёрыг нь буцааж сэргээсэн. Гэтэл яагаад ирц бүрдэхгүй байна гэсэн худал мэдээллийг УИХ-д танилцуулж хууль оруулж ирж байна вэ" гэлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хуулийн төслийг гэнэт оруулж ирээгүй, 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байсан. Өмнөх парламент хуулийг хэлэлцэх гэж байтал шинээр Шүүхийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Шүүхийн тухай хууль батлагдах хүртэл тодорхой хугацаа орох учраас энэ хуулийг оруулж ирсэн. Маш олон иргэний маргаан шийдэгдэхгүй байгаа учраас үүнийг шийдэх ёстой" гэсэн юм. 

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

ҮЗЭХ: