Т.Доржханд: Бондын орлогын тодорхой хэсгийг ЖДҮ эрхлэгчдэд олгох нь зүйтэй

Т.Доржханд: Бондын орлогын тодорхой хэсгийг ЖДҮ эрхлэгчдэд олгох нь зүйтэй

Зээлийн хүүг бууруулах талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын нэг хувиас доош түвшинд бууруулна гэсэн тодорхой заалтыг тусгасан. Тэр ч утгаараа Зөв хүн электорат эвсэл болон Хөдөлмөрийн үндэсний намаас дээрх ажлыг дэмжиж, эрчимжүүлэх тодорхой саналуудыг дэвшүүлж байна. 

Тухайлбал, хадгаламжийн хүүг өсөн нэмэгдэх татварыг ногдуулах болон хөрөнгийн зах зээлийг үүсгээд засгийн газрын дотоодын үнэт цаасыг тогтмол хугацаагаар гаргах хүсэлтийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн. Харин банкуудын лицензийг ангилалтай олгох, банкны салбарыг  асуудлыг хурдасгах хүсэлтийг Монгол банкинд гаргасан. Мөн банк төдийгүй ломбард, өдрийн зээл зэрэг маш олон төрлийн зээл байгаа учраас мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалт хийхийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Эдгээр ажлыг хийхгүй бол бид хийх болно" гэж хэлэв.

Үргэлжлүүлэн зээлийн хүүг бууруулах асуудалтай холбоотойгоор Эдийн засагч Г.Рагчаасүрэн хэлэхдээ "Хөдөлмөрийн үндэсний намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэнгээс зээлийн хүүг бууруулах 2020 оны стратегийг энэ салбарын мэргэжилтнүүд боловсруулсан гэдэгтэй санал нэг байна. Мэдээж стратегийн зарчмын хувьд дэмжиж байгаа хэдий ч хэрэгжих эсэх дээр эргэлзэж байна. Тухайлбал, 2023 оны эцэс гэхэд одоогийнхоос  дөрвөн нэгж буурч, сарын 1 хувь болно гэсэн зорилтыг тавьсан. 

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд макро эдийн засаг өсөж, төсвийн алдагдал буурч, гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой байхаас гадна нэмэгдэх, нийлүүлэлтийн гаралтай инфляци тогтвортой байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байна. Гэвч эдийн засаг,нүүрс, зэсийн зах зээлээс асар хамааралтай, гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой биш, төсвийн сахилга бат хариуцлага сул байгаа тул стратеги хэрэгжих боломж муу байна" гэв.

Бодлого судалгааны хүрээлэнгийн захирал Н.Түвшинтулга "Зээлийн хүүг бууруулах аргачлал нь макро үзүүлэлтүүдийг өгсөх.  Дотоод болон гадаад нөхцөлийг харахад ойрын гурваас дөрвөн жилд ийм боломж алга. Энэ нөхцөлийг хүлээгээд зээлийн хүүг бууруулна гэвэл хэзээ зээлийн хүү буурах нь тодорхойгүй. Тиймээс манай хүрээлэнгээс шууд тусгаж болох эдийн засгийн аргыг санал болгож байгаа юм. Тухайлбал, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох ёстой. Энэ аргыг Дэлхийн эдийн засгийн 80 хувийг төлөөлж байгаа 76 орон  хэрэглэж байна. Мөн хадгаламжийн хүүгийн орлогод шаталсан татвар тогтоох зэрэг аргаар бодитойгоор бууруулах боломжтой. Түүнчлэн хадгаламжийн хүүгийн орлогод шаталсан татвар ногдуулж, банкинд түгжигдэж буй хөрөнгийг дотоодын бонд болон хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор оруулах хэрэгтэй" хэмээв. 

Судлаач, эдийн засагч Б.Отгонтөгс "Зээлийн хүүг бууруулахын тулд засгийн газраас төслийн алдагдлаа санхүүжүүлэх гэж гаргаж буй дотоодын бондын тодорхой хэсгийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож чадвал зээлийн хүү шууд буурах боломжтой. Одоогийн байдлаар ЖДҮ эрхлэгчид долдугаар сард, сарын 16.4 хувийн зээл авч байна. Тиймээс бондын орлогын тодорхой хэсгийг ЖДҮ эрхлэгчдэд олгох нь зүйтэй" гэлээ.