ХЭРГИЙН ГАЗАР: Талийгаач эмэгтэй “Нойр булчирхай өвдөөд байна” хэмээн байнга хэлж байжээ

ХЭРГИЙН ГАЗАР: Талийгаач эмэгтэй “Нойр булчирхай өвдөөд байна” хэмээн байнга хэлж байжээ

Энэ сарын 7-ны өдрийн 14.00 цагийн орчим Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос дөрвөн том хүн, хоёр хүүхэд тээвэрлэсэн Приүс-20 маркийн машин Улаанбаатарыг зорин хөдөлсөн байна. Гарахад нь аймгийн онцгой комиссоос анхааруулж мэдээлэл, зөвлөмж өгөхгүй болохоор нь өөрсдөө зорьж очоод “Бид түргэвчилсэн оношилгоогоор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн. Энэ шинжилгээний хариугаа үзүүлээд Улаанбаатар руу нэвтэрч болох уу” гэж асуужээ. Хэд, хэдэн удаа асуухад “Тиймээ, болно” гэж хариулсан байна. (Хариуцлагын асуудал яригдаж буй тул дээрх хариултыг өгсөн ажилтны талаар дурдсангүй)

-ШӨНӨ ДУНД ЯТТ-ИЙН ЭМЧ ИРСЭН Ч “ҮХЭХЭЭР ХҮНД
ӨВДӨӨГҮЙ БАЙНА” ГЭЖ ХЭЛЭЭД ЯВСАН-

Ийм хариулт сонссон машиныхан санаа амар Цэцэрлэг хотоос гарч аймгийн төвөөс 90 км ийн зайтай Хотонт сумаас нэмж нэг хүн суулгаад цааш явжээ. Машинд жолоочоос гадна 58 настай эмэгтэй, 20 гаруй насны зургаан сартай жирэмсэн эмэгтэй ой гарантай хүүхдийн хамт мөн зургаан настай хүүхэд,  насанд хүрсэн өөр хоёр хүн явсан байна. Зам дагуу дэлгүүр, хоолны газрууд ажиллахгүй тул зорчигчид Архангайгаас гарахдаа хоол, усаа бэлдсэн байв.

Бэлдсэн хоол, хүнсээ идэж, саадгүй явсан ч 58 настай зорчигч эмэгтэй замын туршид “Миний бие өвдөөд. Нойр булчирхай л өвдөөд байна” хэмээн хэлж маш зовиуртай байжээ. Тэрбээр машиныхандаа Улаанбаатарт очиж эмнэлэгт хэвтэнэ хэмээн ярьж байжээ. Ингээд жолооч давхисаар шөнө 22.00 цагт Улаанбаатарын хаяанд буюу 22-ын товчоонд ирж.

Асуудал эндээс л эхлэв. Зорчигчид тус товчоонд ажиллаж буй онцгой байдал, цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилчдад шинжилгээний хариу бичгээ үзүүлж, учрыг тайлбарлахад хангалтгүй хэмээн хариулж “PCR шинжилгээний хариу нэхэж” хот руу орохыг зөвшөөрсөнгүй. Тэд “PCR шинжилгээг одоо авах боломжгүй. Маргааш өглөө 08.00 цагт хотоос мэргэжилтнүүд ирж авна. Тэр хүртэл эндээ хүлээ” гэжээ.

Хариуд нь зорчигчид “Бага насны хоёр хүүхэд зорчиж байна. Нэг хүний бие маш тааруу байна. Бид хот руу орж тусгаарлагдаад шинжилгээгээ өгчихье” хэмээн янз бүрээр тайлбарлаж, гуйгаад барсангүй.

Ингээд машиндаа хоноглохоор болж бэлдэж эхэлсэн ч зорчигч 58 настай эмэгтэй О-ийн бие цагаас цагт муудаж бүр хүндэрсэн байна. Хажуугаар нь бэлдэж гарсан хүнс дуусч хүүхдүүд өлсөж, зутарч уйлцгаана. Машиныхан бие муу хүндээ анхаарал хандуулж товчооны ажилчид дээр гүйж очин тусламж гуйх мөн 103 утас руу залгаж түргэн, тусламж дууджээ. Эхний дуудлагын хариуд “Очиж чадахгүй ээ. Харъяа дүүргийнхээ эмнэлэгт ханд” гэсэн хариу авав.  

Ингээд шөнө дунд нөхцөл, байдал бүр хүндэрч дахин 103 дугаар руу утас цохив. Харин энэ удаа тэд дуудлагыг хүлээж авч иржээ. Харамсалтай нь эмч ирж үзээд “Үхэлд хүргэхээр хүндрээгүй байна” гэж хэлээд яваад өгсөн байна. Ядаж анхан шатны тусламж ч үзүүлсэнгүй. Машиныханы хүлээлт талаар болов. Арга ядаад  дахин тэр хавиар гүйж цагдаа, эмчид удаа дараа хандлаа. Мөн л үр дүнд хүрсэнгүй.

-ЭМЧ НАР ТАЛИЙГААЧИЙГ СУГАДАЖ ТОВЧООНЫ ДЭРГЭДЭХ БАЙШИН РУУ АВЧ ОРСОН Ч УДАЛГҮЙ ГАРЧ ИРЭЭД “ӨНГӨРЧИХЛӨӨ” ГЭЖ ХЭЛЖЭЭ-

Тэвчиж, тэссээр үүр цайлгав. О эмэгтэйн бие бүр муудаж, дуу ч гарахаа больжээ. Өглөө 07.00 цагт /2020.12.08/ дахин түргэн дуудав. Ингээд Яаралтай түргэн тусламжийн эмч нар 09.00 цагт ирж О-г хоёр талаас нь сугадан товчооны дэргэдэх байшин руу оруулжээ. Гэтэл удалгүй эмч гарч ирээд “Арга хэмжээ авч чадсангүй. Нас барсан” гэж хэлжээ.

Ийм л харамсалтай үйл явдал өчигдөр өглөө 22-ын товчоонд болов. Талийгаачийг 22-ын товчооноос авч явснаас зургаан цагийн дараа Улсын онцгой комиссоос баг ирж зөвхөн тус машины зорчигчдоос PCR шинжилгээ авч хот руу нэвтрүүлж бүгдийг нь яаралтай түргэн тусламжийн машинаар гэрт нь хүргэж өгчээ. Цагдаа нарын зүгээс тус машины зорчигчдод хандан “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөх юм бол 15-20 сая төгрөгөөр торгоно” хэмээн сүрдүүлж, мэдээлэл задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг хүртэл зуруулсан байна. Тэд хүнд шөнийн дараа сүрдүүлэгт автсан нь энэ.

-Я.СОДБААТАР, Д.СУМЪЯАБАЗАР, Т.МӨНХСАЙХАН, Д.ЗОЛЖАРГАЛ
НАР БҮГД БУРУУТАЙ-

Уг харамсалтай үйл явдлын дараа Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Архангай аймгийн онцгой комиссын дарга Д.Золжаргал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хэн ч тайлбар хийсэнгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч үг унагасангүй. Харин эсрэгээрээ Налайхт шинэ үйлдвэрийн шав тавив.

Улсын онцгой комиссоос хүн амь насаа алдсан энэхүү харамсалтай үйл явдалд эмгэнэл илэрхийлээд “Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо” гэж мэдэгдэв.

Уучлаарай эл хэрэгт Т.Мөнхсайхан, Д.Сумъяабазар, Д.Золжаргал, Я.Содбаатар нар чинь буруутай. Хариуцлагыг эдэнтэй ярих ёстой. Архангайн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Золжаргал “Хот руу нэвтрэх иргэдээс PCR шинжилгээний хариу нэхнэ” гэж мэдэгдэж, мэдээллээр иргэдээ хангах байсан. Тэр бүү хэл шөнө залгахад тэрбээр утсаа унтрааж тусламж ирэхэд нь огт хариу өгөөгүй гэж иргэд гомдоллож байна.

22-ын товчоонд ажиллаж байсан эмч, цагдаа нар хүний ёсоор тусламж үзүүлэхгүй яав даа. Тэднийг нэгдсэн бус удирдлага, мэдээллээр хангаж байсан Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нар хариуцлагаа хүлээ. Утсаа аваагүй Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Үхэхээр биш байна” гээд тоохгүй орхиод явсан эмч ч үүнд буруутай.  

-ТАЛИЙГААЧ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ-

Харин энэхүү харамсалтай хэргийн талаар хэн, юу ярив. Талийгаач 58 настай эмэгтэй О хоёр хүүтэй.

АР ГЭР: -Өчигдөр /2020.12.07/  22.00 цагийн үед 22-ын товчоон дээр очсон. Замд бие нь муу байсан. Товчоон дээр ирэнгүүтээ түргэн дуудсан боловч ирээгүй бөгөөд "Дүүрэгтээ ханд" гэсэн. Хоёр дахиа дуудахад ирсэн ч "Үхэх өвчин биш байна" хэмээн хэлсэн. Ингэж анхан шатны тусламж авч чадалгүй нас барчихлаа. Талийгаач хоёр хүүтэй. Нэг нь Сэлэнгэд байдаг. Нас барсны гэрчилгээгүй бол нааш явуулахгүй гэсэн. Тэр гэрчилгээ нь хэзээ гарах юм бүү мэд. Үүнийг шийдвэрлэж өгөөч хэмээн холбогдох хүмүүсээс гуйж байна. Цуг явсан хүн нь бидэнд мэдээлэл өгсөн. Түүнээс биш бид холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авч чадахгүй байна. Яагаад нас барсан иргэний ар гэрт мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ.

Талийгаачийн тухай мэдээллийг огт өгөөгүй бөгөөд ар гэрийнхэн өөрсдөө хөөцөлдөж байж мэдсэн байгаа юм. Өчигдөр орой 17.00 цагийн орчимд бид ар гэрийнхэнтэй нь холбогдоход “Ямар ч асуудал шийдэгдээгүй. Юу ч шийдэхгүй байна” хэмээн бухимдаж байсан юм. Би тэдэнтэй үргэлжлүүлж ярьж чадсангүй.

Харин талийгаачийг нас барах үед хамт байсан Яаралтай түргэн тусламжийн эмч: Нийслэлийн эрүүл мэндийн газрын 11324207 тусгай дугаар руу 60 удаа залгахад хариу өгөөгүй.  Шийдвэр гаргаж, команд өгөхийг нь сонсохын тулд залгаж байсан. Тусламж хүсч залгасан.

Энэхүү дугаар нь Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох, гарах постуудад 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг эмч, эмнэлгийн ажилтнуудад үүрэг чиглэл өгч ажилладаг тусгай утас юм

-НЭГ ИЖИЛ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЁР АЙМАГТ
ЗОРИУЛСАН ХОЁР ӨӨР ШИЙДВЭР-

Сэлэнгэ бол Архангай шиг голомт бүхий аймаг. Гэтэл Сэлэнгэ аймгаас ирэх иргэдээс заавал PCR шинжилгээний хариу нэхэхгүй зөвхөн түргэвчилсэн шинжилгээний хариунд үндэслэн Улаанбаатар руу нэвтэрч болох зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос энэ сарын 7-ны өдөр /2020.12.07/гаргасан байна. Гэтэл яагаад Архангайг орхигдуулав. Энэ зөвшөөрлөө ч Архангайд ч мөн өгсөн бол хүний алтан амь эрсдэх байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. 

Бүр дээрх бичгээс өмнө Т.Мөнхдоржийн гарын үсэгтэй мөн ийм бичиг гарч, "Голомт бүхий аймгуудаас ирж буй иргэдийг PCR шинжилгээний хариунд үндэслэн Улаанбаатар руу нэвтрүүлнэ" гэсэн тушаалыг холбогдох газруудад өгч байжээ. Тэр дагуу л талийгаач болон өөр хүмүүсийг Улаанбаатар руу оруулаагүй болж таарав. 

-НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРСАН ШИЙДВЭР-

Архангай аймгийн 60 орчим автомашинтай, 100 орчим иргэн 22-ын товчоон хоёр өдөр саатсан. Харамсалтай үйл явдлын дараа ч хүмүүсийг хорьж хүнд байдалд байлгасан талаар өөр нэгэн машины зорчигч Х бидэнд ярив. Бид түүнтэй өчигдөр 18.00 цагийн орчимд холбогдоход “Нэг сартай нярайгаас эхлээд маш олон нялх хүүхэд энд байна. Гэхдээ машинуудыг нэг, нэгээр нь ээлжилж оруулж байна. “PCR шинжилгээг дараа нь авна” гэж хэлээд оруулж байна. Нялх хүүхдүүдээс гадна бие муутай хөгшид их байна. Нэг хүүхэд гүйлгээд байгаа юм” гэлээ. Тэрбээр аймгийн онцгой  комисст гомдолтойгоо илэрхийлж “Биднийг аймгийн төвөөс Улаанбаатар руу гарахад анхааруулж хэлэхгүй яав” гэсэн юм.

Ингээд 18.00 цагийн үед Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж Нийслэлийн онцгой комисс, Архангай аймгийн онцгой комисст хаяглаж “Архангай аймгийн Батцэнгэл, Их тамир сумаас бусад сумын иргэдээс коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээ болон асуумжийн хариуг үндэслэн халдвар хамгааллын өдрөөс бүртгэлийг эхлүүлж орон нутагт болон нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг зохион байгуул” гэсэн шийдвэр бичгийг гаргав.

Энэ дагуу 24-48 цаг саатсан Архангайн машинуудыг Улаанбаатар хот руу нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, заавал PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэлээ. Ингээд PCR шинжилгээ авалгүй оруулах байсан юм бол хүн амь насаа алдаж, олноор зутрахаас өмнө хот руу нэвтрүүлэхгүй ЯАВ.