Э.Цэндбаатар нарын гурван тамирчин ХАР ТАМХИ хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шалгаж байна

2020-12-14 12:48

ЦЕГ: Э.Цэндбаатарыг нүцгэн явж байхад нь саатуулж, шинжилгээ авсан нь үнэн

Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны  олимпын наадмын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар байж болзошгүй иргэн өнгөрөгч долоо хоног /2020.12.10/-т “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэгт нүцгэн, ямар нэг хувцасгүй явж, чанга дуугаар гудамж талбайд орилсон үйлдэл гарсан нь олны анхааралд өртсөн.

-Э.ЦЭНДБААТАРААС АВСАН ШИНЖИЛГЭЭНИЙ “ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ” ГАРААГҮЙ БАЙНА-

Тэгвэл өнөөдөр /2020.12.14/ Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын албаны эх сурвалж “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Э.Цэндбаатарыг нүцгэн явж байхад нь Цагдаагийн алба хаагчид саатуулж, мэдүүлэг авч, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн. Саатуулах үедээ Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан нь үнэн. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх шинжээчийн дүгнэлт гараагүй байна” гэж мэдэгджээ. 

Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан “Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нарыг мансууруулах бодис хэрэглэсэн үед нь цагдаагийн алба хаагчид саатуулж, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна” гэх мэдээллийг ЦЕГ-ын дээрх албан эх сурвалж үгүйсгэсэн байна.

Тэрээр “МУГТ Н.Төгсцогтыг баривчлан саатуулах нь бүү хэл дуудаж мэдүүлэг ч аваагүй” гэжээ. 

Сонирхуулахад, Боксын спортын ОУХМ Э.Цэндбаатар “энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр Эрдэнэт хотод болсон тэмцээнд оролцох үеэрээ “Golden Gem” боксын клубын дасгалжуулагч багш С.Эрдэнэбатад зодуулж, хүнд гэмтэл авсан гэх мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл тус асуудлыг зарим эх сурвалжууд “түүнийг тэмцээний дундуур согтууруулах ундаа уулаа гэж ганц хоёр цохисны улмаас оёдол тавиулсан гэж сонссон. Ямар нэгэн байдлаар олон хүмүүст зодуулсан зүйл байхгүй” гэж мэдээлжээ. 

2020-12-12 20:45

Э.Цэндбаатар нарын гурван тамирчин ХАР ТАМХИ хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шалгаж байна

Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар байж болзошгүй иргэн энэ долоо хоног /2020.12.10/-т “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэг дээр нүцгэн, ямар нэг хувцасгүй явж, чанга дуугаар гудамж талбайд орилсон үйлдэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Иймд тухайн иргэнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэж, түүнийг сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэн “шээсний шинжилгээ”-г авсан байгаа юм. 

Тэгвэл ОУХМ Э.Цэндбаатар нарын боксын нэр бүхий гурван тамирчин саяхан хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.

2020-12-11 07:59

Нүцгэн явсан иргэнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэж “Шээсний шинжилгээ” авчээ

Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны  олимпын наадмын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар байж болзошгүй иргэн өчигдөр /2020.12.10/ “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэг буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нүцгэн, ямар нэг хувцасгүй явж, чанга дуугаар гудамж талбайд орилсон үйлдэл гарсан нь олны анхааралд өртөөд байна. 

Тэгвэл түүний энэхүү үйлдлийг тухайн авто зам дээр үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн газрын алба хаагчид болон хэв журмын цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс тус иргэн архидан согтуурсны улмаас олон нийтийн газар энэхүү үйлдлийг гаргасан уу, эсвэл ямар нэг сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн байсан уу гэдгийг тогтоохоор түүнээс “шээсний шинжилгээ” авсан байна. 

Зарим иргэд тухайн иргэнийг боксчин Э.Цэндбаатар мөн байж болзошгүй хэмээгээд, хэрэв мөн бол тэрээр “хүнд зодуулж толгойдоо 32 оёдол тавиулсан. Бие болон сэтгэл санаа нь хүнд байгаа” гэж буй юм. Тодруулбал, тэрээр 2017 онд бусдад зодуулж, хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдэж байсан. Энэ талаар зарим эх сурвалжууд, боксын үндэсний шигшээ багийн залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас оргон гарч хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэсэн байна. Энэ үеэр шөнийн клубт байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлсэн. Энэхүү үйл явдлаас болж Э.Цэндбаатар бэртэл авч, нүүрэндээ 32 оёдол тавиулсан гэж мэдээлж байсан юм.