Эрэлийн Б.Эрдэнэбат 100 сая төгрөг барьцаанд тавьж суллагджээ

Эрэлийн Б.Эрдэнэбат 100 сая төгрөг барьцаанд тавьж суллагджээ

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд нийслэлийн Прокурорын газарт буцаагаад байгаа билээ.  

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан ёсны мэдээллээр, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 6-ны 525 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5, 14.6 дахь хэсгүүдэд зааснаар Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбат нь 100 сая төгрөг барьцааг байршуулсан тохиолдолд суллагдах боломжтой болсон гэсэн үг юм. Иймд тэрээр тус мөнгийг байршуулж, хорих ангиас өчигдөр суллагдсан байна. Харин түүнд хилийн хорио тогтоосон учраас хил нэвтрэхгүй боломжгүй аж. Анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад долоон жилийн хугацаатай хорих ял оноогоод байсан юм.