Байлдагч Х.Оргилболдыг төөрч, ОХУ-ын талд саатуулагдсаныг ээж нь батлав

2020-12-29 12:42

Байлдагч Х.Оргилболдыг төөрч, ОХУ-ын талд саатуулагдсаныг ээж нь батлав

Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэдэг байлдагч Х.Оргилболд энэ сарын 19-ны /2020.12.25/ шөнийн 03:00 цагийн орчимд харуулын байрнаас гарч яваад олдохгүй байна гэсэн дуудлага, мэдээлэл тухайн өдрийн 12:40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад байлдагч Х.Оргилболд нь төөрч ОХУ-ын талд саатуулагдсан бөгөөд уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй тухай мэдээллийг бид энэ сарын 24-ны өдөр /2020.12.24/ нийтэлсэн билээ.

-ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРААС "БАЙЛДАГЧ ОХУ-ЫН ТАЛД БАРИГДААГҮЙ" ГЭЖ БИДЭНД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙВ-

Тухайн мэдээллийн мөрөөр Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайван манай редакци руу холбогдож “Байлдагч Х.Оргилболд нь албандаа дөнгөж дадлагажиж эхэлж буй, тангараг өргөөд нэг сар болсон шинэ цэрэг. Дадлага, туршлагагүй учраас төөрсөн. Гэхдээ харуулын байрнаас нь холгүй 8-9 км ийн зайнаас удалгүй олсон.

Хилийн манаа нь тогтсон маршрутгүй, замгүй. ОХУ-ын талд саатуулагдаагүй бөгөөд одоо ангидаа үүрэг гүйцэтгэж байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирсэн ч байлдагч олдсон учраас хэргийг үргэлжлүүлэн шалгаагүй байгаа” гэсэн юм. 

-БАЙЛДАГЧИЙН ЭЭЖ Г.БАТЦЭЦЭГ: ХҮҮ МИНЬ ОХУ-ЫН ЦЭРГҮҮДЭД БАРИГДСАН Ч ТЭР ӨДӨРТ НЬ ХҮЛЭЭН АВСАН ГЭСЭН-

Харин байлдагч Х.Оргилболдын ээж өнөөдөр Эргэлт.мн сайтад тодруулга өгөхдөө "Хүү минь төөрч ОХУ-ын хилийн зурвасын ойролцоо очсон юм билээ.  ОХУ-ын талаас хүүг минь цэргийн ангийн удирдлагуудад тэр өдөрт нь хүлээлгэж өгсөн гэсэн. Миний хүү шөнө бие засахаар явж байгаад ОХУ-ын хилийн зурваст дөхөж очоод цэргүүдэд баригдсан гэсэн. Ингэхдээ төөрсөн байдалтай олдож, цэргийн анги руу нь ОХУ-ын хилийн цэргийнхэн мэдэгдсэн юм шиг байна лээ" гэжээ. 

ДҮГНЭЛТ: Манай редакц нь байлдагч Х.Оргилболд төөрч ОХУ-ын талд баригдсан. Энэ асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж буй тухай анх мэдээлсэн. Гэтэл Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өгөхдөө байлдагч Х.Оргилболд төөрсөн ч ОХУ-ын хил зөрчөөгүй. Тэдэнд баригдаагүй гэж хэлсэн. Гэтэл Хил хамгаалах ерөнхий газар нь худал мэдээллийг бидэнд өгсөн нь байлдагч Х.Оргилболдын ээжийн ярилцлагаар ил болж байна. 

Учир нь цэргийн ангийн дарга нь байлдагч Х.Оргилболдын ээжид мэдээлэл өгөхдөө хүүг нь ОХУ-ын цэргүүдэд баригдаж тэндээс хүлээн авсан гэж тайлбарлажээ. Ингэхдээ цэргийн ангиас хүүг төөрсөн өдөр нь ар гэртэй нь холбогдож мэдээлэл өгөөгүй байна. Харин эцэг, эх нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч өөрсдөө ангийн даргатай нь холбогдоход урдаас нь дээрх тайлбарыг хэлжээ. Товчхондоо, хүний хүүхдийг төөрсөн даруйд нь эцэг, эхэд нь мэдэгдэлгүй өнгөрсөн гэсэн үг. 

Хил хамгаалах ерөнхий газраас өмнө нь өгч байсан мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү!

2020-12-25 20:16

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР: Байлдагч О нь дадлага, туршлагагүй учраас төөрсөн

Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэдэг байлдагч О энэ сарын 19-ны /2020.12.25/ шөнийн 03:00 цагийн орчимд харуулын байрнаас гарч яваад олдохгүй байна гэсэн дуудлага, мэдээлэл тухайн өдрийн 12:40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад байлдагч О нь төөрч ОХУ-ын талд саатуулагдсан бөгөөд уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй тухай мэдээллийг бид өчигдөр /2020.12.24/ нийтэлсэн билээ.

Тэгвэл тус мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газраас бидэнтэй холбогдож дараах мэдээллийг өгч байна.

Тодруулбал, тус байгууллагын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайван “Байлдагч О нь албандаа дөнгөж дадлагажиж эхэлж буй, тангараг өргөөд нэг сар болсон шинэ цэрэг. Дадлага, туршлагагүй учраас төөрсөн. Гэхдээ харуулын байрнаас нь холгүй 8-9 км ийн зайнаас олсон. Хилийн манаа нь тогтсон маршрутгүй, замгүй. ОХУ-ын талд саатуулагдаагүй бөгөөд одоо ангидаа үүрэг гүйцэтгэж байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирсэн ч байлдагч олдсон учраас хэргийг үргэлжлүүлэн шалгаагүй байгаа” гэх мэдээллийг манай редакцид өгөв.

Жич: Бид тус мэдээллийг хоёр талын байр суурины үүднээс нийтлэв.