Г.Ууганбаяр: УОК-ийн нэрийг барьж, хошин бичлэг хийсэн залууст хариуцлага тооцно

2020-12-30 12:54

Хөтлөгч Санти: Тэр нэвтрүүлгээр дамжуулан залуусыг маскаа зүүж, гэртээ байхыг л уриалсан

Цахим орчинд “Face mambo” хийж олон жил залуусыг хөгжөөж ирсэн Б.Үйлстөгсийг Санти хэмээх нэрээр нь хүмүүс сайн танидаг. Тэрээр сүүлийн үед “Ub comedy”-д хүч үзэх болсон. Харин хэд хоногийн өмнө тус клубын хэсэг залуустай хамт “Ideree,s home party буюу шинэ жилийн тусгай дугаар” хэмээх нэвтрүүлгийг цацаж цахим орчинд ихээхэн хандалт авсан билээ. Харин энэ үеэрээ УОК-ын нэрийг барьж, хүмүүсээр тоглосон нь асуудал дагуулаад буй.

Тодруулбал, өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өвчин зовлонтой энэ хүнд цаг үед тус залуус амны хаалтгүй зэрэгцэн суугаад, УОК-ийн нэрийг барьж, бусдаар тоглон марзганаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд цацсан. Энэ нь цар тахалтай тэмцэж буй олон ажилчдыг доромжилсон үйлдэл болсон. Халдварт өвчин бол тоглоом биш. Тиймээс тус залуусын энэ болчимгүй үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Харин бид Санти буюу Б.Үйлстөгстэй утсаар холбогдож энэ талаар тодрууллаа.

-Сайн байна уу, өнөөдрийн ЭМЯ-ны үеэр хийсэн нэвтрүүлэгтэй тань холбоотойгоор та бүгдийг хуулийн байгууллагад шалгуулах болсон талаар мэдэгдлээ?

-Харин тийм ээ, би бас сонсоод л сууж байлаа. Очоод шалгуулна л гэж бодож байна.

-Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ, нэвтрүүлгийн гол зорилго нь юу байсан юм бэ?

-Уг нь бол Цагдаагийн хэвлэл мэдээллийн газраас надтай өмнө нь холбогдож байсан юм. “Маскаа зүүж, гараа ариутгаарай” гээд залууст уриалаад өгөөч гээд. Цагдаагийн хэвлэл мэдээлийн пейж дээр бичлэг нь хүртэл байгаа. Гэхдээ хүмүүст тийм ч сайн хүрээгүй. Тэгээд энэ уриалгыг өөрийнхөө хийдэг мамбод оруулаад, залуусыг өөрсдийнх нь ойлгодог хэлээр инээлгэж байгаад, уриалмаар байна гэсэн юм. Би ч гэсэн тэр санаан дээр тулгуурлаж хүмүүст илүү хөгжилтэй байдлаар уриалахыг хүссэн. Тэгээд буруудчихлаа л даа. Хэрвээ та бүхэн бичлэгийг бүтнээр нь үзсэн бол сүүлд нь “маскаа зүүж, гараа ариутгаж, гэртээ байхыг” уриалсан байгаа. Ерөнхийдөө бол маск бол бэлгэвчтэй адилхан зүйл шүү” гэж егөөдөж ярьсан зүйл байгаа юм.

-Өнөөдрийн мэдээллийн үеэр та бүхнийг өөрсдөө амны хаалтгүй зэрэгцэж суугаад марзганасан гэж бас шүүмжилж байсан?

-Тийм ээ, уг нь бид нар нэвтрүүлэг хийхээсээ өмнө бүгд PCR шинжилгээндээ хамрагдаад, халуунаа үзүүлээд, асуумж бөглөөд орцгоосон. Мэдээж бид энэ нэвтрүүлгийг хийж, олон нийтэд цацахаасаа өмнө “залуучуудад жаахан ч гэсэн ойлголт өгье, гэртээ байхыг уриалья л” гэсэн зорилготой байсан. Үүнийг хүмүүс сайн ойлгоорой л гэж хэлмээр байна.

2020-12-30 11:24

Г.Ууганбаяр: УОК-ийн нэрийг барьж, хошин бичлэг хийсэн залууст хариуцлага тооцно

“UB comedy” клубын хэсэг залуус УОК-ын нэрийг барьж, хүмүүсээр тоглосон бичлэгээ олон нийтийн сүлжээнд цацаж, ихээхэн хандалт аваад байсан билээ. Тус нэвтрүүлгийг “Шинэ жилийн тусгай дугаар” гэсэн нэрийн дор цацаж, нэгэн бүсгүйгээр "та коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал боллоо" хэмээн тоглосон байдаг.

Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өвчин зовлонтой энэ хүнд цаг үед тус залуус амны хаалтгүй зэрэгцэн суугаад, УОК-ийн нэрийг барьж, бусдаар тоглон марзганаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд цацсан. Энэ нь цар тахалтай тэмцэж буй олон ажилчдыг доромжилсон үйлдэл болсон. Халдварт өвчин бол тоглоом биш. Тиймээс тус залуусын энэ болчимгүй үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцно” хэмээн мэдэгдлээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө