Нийслэлээс Батсүмбэр сум руу баталгаат бус замаар зорчих зөрчил их гарч байна гэв

Нийслэлээс Батсүмбэр сум руу баталгаат бус замаар зорчих зөрчил их гарч байна гэв

Төв аймгийн Батсүмбэр сум руу Улаанбаатар хотоос баталгаат бус замаар зорчиж байгаа зөрчил их гарч байна гэж тус сумын Онцгой комиссоос мэдээллээ.

Тодруулбал, Батсүмбэр сум нь Улаанбаатар хоттой хил залгаа оршдог бөгөөд нийслэл хотод коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь тус сумын хувьд эрсдэл өндөртэй бүс болоод байна гэж сумын онцгой комисс үзэж байна. Ийнхүү нийслэл хотоос тус сум руу Үдлэг багийн Харганы даваа, Халзан, Гүнтийн даваагаар баталгаат бус замаар зорчиж байгаа зөрчил их гарч байна. Тиймээс хууль бус үйлдлийг таслан зогсоохоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссуудтай хамтран 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 5-ны өдрийн байдлаар 30 минутын хугацаанд  4-5 автомашиныг илрүүлэн буцаажээ.

Иймд баталгаат бус замаар зөвшөөрөлгүй зорчиж буй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.13. 2-р хэсэгт зааснаар “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно “ гэдгийг онцгойлон анхааруулж байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө