СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч PCR шинжилгээний хариугаар орон нутагт зорчихыг завдсан иргэнийг шалгаж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч PCR шинжилгээний хариугаар орон нутагт зорчихыг завдсан иргэнийг шалгаж байна

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш орон нутагт PCR шинжилгээний хариу нь гараагүй, хуурамч бичиг ашиглах, бусдын бичиг баримтаар хотоос гарах зөрчил цөөнгүй гарах болжээ. Тухайлбал, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор хуурамч PCR шинжилгээний бичиг ашиглаж, Өмнөговь аймаг руу зорчихыг завдсан иргэнийг албан хаагчид саатуулсан байна.

Уг зөрчил гаргасан иргэнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж буй бөгөөд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох аж.

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр  Төв аймгийн Шуурхай штабт ажиллахаар явах замдаа Өлзийтийн шалган нэвтрүүлэх постоор орж, албан хаагчидтай уулзсан бөгөөд цаашид хуурамч бичиг баримтаар хотоос гарахаар зөрчил гаргасан иргэдэд хатуу хариуцлага тооцохыг сануулсан байна. Шалган нэвтрүүлэх постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид зарим иргэн хуурамч шинжилгээний бичиг ашиглаж, хотоос гарахаар завдсан зөрчил гарсан талаар мэдээлжээ. Улаанбаатар хотод коронавирусийн халдвар голомтлон гарч байгаа тул нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнөөр дамжуулан халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа юм. Тиймээс зарим аймгууд нийслэлээс ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, хүндлэн үзэх шалтгаантай иргэдийн хүлээн авахаар болоод байна.