БНСУ-аас ирээд тусгаарлагдаж байсан иргэн, таван давхраас буух гэж байгаад унаж амиа алдав уу

БНСУ-аас ирээд тусгаарлагдаж байсан иргэн, таван давхраас буух гэж байгаад унаж амиа алдав уу

Коронавирусийн халдвар гарч эхэлснээс хойш УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу тусгаарлалтын байранд байсан хэд, хэдэн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ долоо хоногт л гэхэд “Монголика” зочид буудалд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй амиа алдсан бол БНСУ-аас эх орондоо ирээд тусгаарлагдаж байсан иргэн өчигдөр “Корпорэйт” зочид буудлын цонхоор унаж амиа алдсан хэрэг гараад байна.

Хохирогч таван давхраас гадагш гарах гэж байгаад унаж амиа алдсан бололтой

-ИРГЭДИЙГ ЗОЧИД БУУДАЛД НЭГ, НЭГЭЭР НЬ ТУСГААРЛАЖ БАЙЖЭЭ-

Хэргийг тодруулбал, энэ сарын 16-ны орой 23.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Корпорэйт” зочид буудлаас нэг иргэн унаж нас барсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Ингээд алба хаагчид хэргийн газар дээр очиж, шалгалт хийхэд тус иргэний унасан цонхноос гадагш юм унжуулсан байдалтай байсан аж.

Урьдчилсан дүгнэлтээр тус иргэн нь юм унжуулж цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй, одоогоор хэргийн газрын үзлэг хийгдэж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлж байгаа юм.

Хохирогч тавдугаар давхарт тусгаарлагдаж байсан байж болзошгүй байна

-ТЭРЭЭР БУУДЛЫН ХОЙШОО ХАРСАН ТАВАН ДАВХАРЫН ЦОНХООР ХӨШИГ БОЛОН ЦАГААН ХЭРЭГЛЭЛЭЭ ХОЛБОН УНЖУУЛЖ БУУХ ГЭЖ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Талийгаач иргэн нь 39 настай, эмэгтэй Т гэгч бөгөөд энэ сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирж, тус зочид буудалд тусгаарлагдаж байсан аж. Өнгөрсөн хугацаанд өрөөндөө ганцаараа тусгаарлагдаж байсан бөгөөд ямар учраас цонхоороо гарах гэж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Бид хэрэг болсон гэх “Корпорэйт” зочид буудлын гадна очиход иргэдийг хянаж буй цагдаагийн хоёр албан хаагч байлаа. Тэднээс болсон хэрэг явдлын талаар тодруулахад, “бид мэдээлэл өгөх боломжгүй, хэрэг шалгагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин хэрэг гарсан таван давхарын өрөөний цонхоор цагаан өнгөтэй, хөшиг байж болзошгүй зүйл унжсан байдалтай байв.

Үүнээс харахад тухайн иргэн нь хөшиг болон цагаан хэрэглэлээ ашиглан доошоо буух оролдлого хийж байсан байж болзошгүй байна.

Тус буудлын хойно “Skytel” компаний оффис байрладаг бөгөөд тус газрын зарим ажилчдаас энэ талаар тодруулахад “тийм ээ, өчигдөр орой хойшоо харсан тэр таван давхарын цонхоор хүн унаж нас барсан юм билээ. Орой энэ хавьд нэлээн хэдэн цагдаа, эмнэлгийн автомашин ирчихсэн байсан харагдсан. Өөр зүйл мэдэхгүй байна” гэсэн мэдээллийг өглөө. 

Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хийж байгаа бололтой. 2021.03.17

Одоогоор тус иргэнийг амиа хорлох гэж байсан эсвэл тусгаарлалтын байрнаас гарах гэж байсан эсэхийг тогтоохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж байгаа аж. Гуравдугаар сарын 12-ны нислэгээр 168 иргэн эх орондоо ирсний 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, тав нь өндөр настан, дөрөв нь жирэмсэн иргэн байжээ. Эдгээр иргэдийг "Тайж", "Мөнххустай", "Мичид-2", "Корпорэйт" зочид буудалд тусгаарласан байна.