ТЕГ: Б.Баатарын гомдлын дагуу Б.Хурцыг дуудаж хоёр удаа мэдүүлэг авах гэсэн ч ирээгүй

ТЕГ: Б.Баатарын гомдлын дагуу Б.Хурцыг дуудаж хоёр удаа мэдүүлэг авах гэсэн ч ирээгүй

“Херо” энтертайнмэнтийн найруулагч Б.Баатарыг хууль бусаар тагнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар өнөөдөр ТЕГ-аас тайлбар мэдээлэл өглөө.

Одоогоос таван жилийн өмнө “Херо” энтертэйнмэнтийн найруулагч Б.Баатар өөрийг нь хууль бусаар тагнасан, бичлэг задалсан гэх асуудлаар ТЕГ-т өргөдөл, гомдол гаргаж байсан боловч одоог хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

Харин сүүлийн үед Б.Баатарыг хууль бусаар тагнасан нь тогтоогдсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарах болсон.

Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү “найруулагч Б.Баатарын гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа. Тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан гээд байгаа бичлэгийг гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүмүүсийг дуудаж, мэдүүлэг авсан бөгөөд тухайн үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг хоёр удаа дуудсан ч одоогоор ирж мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Б.Хурц нь дахин дуудсан хугацаанд ирэхгүй бол прокурорын дуудан ирүүлэх хуудсаар ирүүлнэ. Энэ асуудал яагаад удсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдээллээ.