БАРИМТ: Хөл нүцгэн эмэгтэйн хүүхдүүдэд “насанд хүрээгүй охидыг худалдаж байсан” гэж 20 жилийн хорих ял оноожээ

БАРИМТ: Хөл нүцгэн эмэгтэйн хүүхдүүдэд “насанд хүрээгүй охидыг худалдаж байсан” гэж 20 жилийн хорих ял оноожээ

Саяхан хууль, шүүхийн байгууллагын зарим алба хаагчид хууль зөрчсөн байж болзошгүй бичлэг цацагдаж, иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн. Ингээд шүүхээр шийдэгдсэн хэргүүдийг эсэргүүцэх зарим иргэд ч гарч ирсэн. Тухайлбал А.Цэрэнпил гэх эмэгтэй.

Тэрээр энэ долоо хоногийн даваа гарагт Төрийн ордны гадаа хөл нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж олон нийтийг ихээхэн эмзэглүүлсэн. Түүний хувьд хоёр хүүг нь насанд хүрээгүй хүүхдэд хүч хэрэглэсэн, хүн худалдаалсан гэх гэмт хэрэгт холбогдуулан ялласан бөгөөд өөрийн үр хүүхдээ тийм хэрэгт огтхон ч холбогдолгүй, тийм хэрэг хийхээр хүүхдүүд биш гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Мөн түүний хоёр хүүг хилс хэрэгт гүтгэхээс гадна цагдаа нар зодож хэргийг нь хүчээр хүлээлгэсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байв.

-НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИДЫН ГЭНЭН ИТГЭМТГИЙ БАЙДЛЫГ АШИГЛАН ХҮЧ ХЭРЭГЛЭЖ, НЭГ САР ГАРУЙН ХУГАЦААНД ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАН, ДАРАМТАЛЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл тус хэрэг одоогоос гурван жилийн өмнө гарсан бөгөөд Б.А, И.А, Б.Ч, Я.Ө гэх 30-аад насны дөрвөн залуу холбогджээ. Харин Б.А, И.А хоёр нь Төрийн ордны гадаа хөл нүцгэн зогссон А.Цэрэнпил гэх эмэгтэйн хүүхдүүд аж.

Тэд хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэн үйлдсэн, насанд хүрээгүй хүүхдийн биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулсан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байжээ.

Тэд насанд хүрээгүй гурван охиныг нэг сар гаруйн хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлуудад бусдад худалдаалан биеийг нь үнэлүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, хүчээр бэлгийн харьцаанд орж байсан гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхээс ял оноосон байна. Харин тус хэрэгт холбогдсон Б.А, И.А нарын ээж А.Цэрэнпил Төрийн ордны гадаа мэдээлэл хийх үеэрээ “миний хоёр хүү хувиараа автомашины засварын газар ажилладаг. Ийм хэрэгт холбогдох хүүхдүүд огтхон ч биш. Тэднийг хүн хүчиндсэн, хүн хулгайлсан гээд байгаа. Гэтэл хаана, ямар хүн хулгайлсан нь одоогоор тодорхой бус. Тэднийг маань хилс хэрэгт гүтгэж, байцаалт авж байхдаа зодож, дарамталж хүчээр хэргийг нь хүлээлгэсэн. Шүүгчид шударга бус шийдвэр гаргасан” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

-ОХИДТОЙ УУЛЗАН МАШИНДАА СУУЛГААД ШУУД ГАР УТСЫГ НЬ БУЛААН АВЧ,
“БОСОО МОНГОЛ” ХӨДӨЛГӨӨНИЙХӨН БАЙНА, БИЕЭ ҮНЭЛДЭГ ОХИДЫГ БАРИЛАА”
ХЭМЭЭН БИЧЛЭГ ХИЙЖ ЭХЭЛДЭГ БАЙЖЭЭ-

Тэгвэл энэхүү хэргийн талаар насанд хүрээгүй гурван охин хуулийн байгууллагад мэдээлэл өгөхдөө “Намайг шууд машинд оруулаад цохиж, зодож эхэлсэн. Миний гар утсыг булааж авсан. Тэгээд буудал ороод надад мөнгө олж ир гэсэн. Эсэргүүцэхэд зодно, ална гэж дарамталдаг байсан. Өнгөрсөн хугацаанд намайг буудлуудаар авч явж худалдаад бусад цагт нь нэг байранд оруулаад гаднаас цоожилдог байсан” гэсэн утгатай мэдүүлэг өгч байжээ.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус гурван охин нь зарын группт уулзаж ярилцаж суух хүн байна уу гэсэн зар оруулсан, мөн ээжийнхээ төрсөн өдөр болох гэж байсан учраас мөнгө олохыг хүссэн, орой такси барих гэж байсан хүсэл зорилгынхоо улмаас хохирогчид болжээ.

Улмаар нэг сар гаруйн хугацаанд тус залуусын хараа хяналтан дор байжээ. Тус хэрэгт эмэгтэй хүмүүсийн оролцоо ч мөн байсан бөгөөд охидыг буудалд оруулж өгөөд, мөнгийг нь авах ажлыг хийж гүйцэтгэж байсан байна.

Мөн зарим үед охидуудыг машинд суулгаад утсаараа бичлэг хийн “Босоо Монгол”-ын хүмүүс байна. Биеэ үнэлдэг ийм охидуудыг үйлдэл дээр нь барьлаа” гэсэн утгатай зүйл яриад хэлснээр хийхгүй бол фейсбүүкт бичлэгийг нь тараана” гэж сүрдүүлж байжээ.

-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТЭД НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЗУРГААН ОХИНЫГ БУУДЛУУДААР
ДАГУУЛАН ЯВЖ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ БАЙСАН БӨГӨӨД ТЭДНИЙ
ХАМГИЙН БАГА НЬ 14 НАСТАЙ БАЙЖЭЭ-

Харин Б.А, И.А нар хуулийн байгууллагад мэдүүлэхдээ “Тус охидтой бид анх үйлчлүүлэгчийн хувиар уулзсан. Тэр үед тус охидууд “бид иймэрхүү байдлаар амьдардаг юм. Бидэнд харж хандах хүн хэрэгтэй байна” гэхээр нь ярилцаад нийлээд байр түрээсэлсэн. Би нэгэнтэй нь хамтран амьдардаг байсан, нөгөө хоёр нь хууль бус зүйл хийдэг байсан. Зодож цохиж байгаагүй. Хамт дагаж яваад, хамгаалаад, үйлчлүүлж байгаа залуучууд нь зодохоор салгаад, унаа тэргээр тээвэрлэж өгч байсан. Гаднаас нь цоожилдог гэж байсан. Тэр охидууд өөрсдөө утастай, цагдаа дуудах бүрэн бололцоо байсан.

Гэтэл өнгөрсөн хугацаанд нэг ч цагдаа дуудаагүй. Тиймээс охидуудын ярьж байгаа нь худлаа. Бид тэднийг хүчээр байлгаж, дарамталж, зодоогүй. Харин Эрүүгийн цагдаа нар биднийг зодож, дарамталж байсан. Тэр үед би хоёр ширхэг монетон кольцотой байсан. Гэтэл нэг цагдаа миний чихнээс татсаар байгаад булааж авсан” гэсэн утгатай зүйлс ярьсан байна.

Харин цагдаагийн байгууллагын мөрдөн шалгалтын явцад тус хэрэгтэй холбоотой нийт зургаан насанд хүрээгүй хохирогч тогтоогдсон бөгөөд тэдний хамгийн бага нь 14 настай ЕБС-ийн сурагч охин байжээ.

Тиймээс хуулийн байгууллагынхан хэргийг шалгаж тогтоогоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 17 болон 20 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн охидыг хууль бусаар тээвэрлэж байсан хоёр машиныг улсын орлого болгохоор тогтоосон байна. Бид дээрх мэдээллийг охид, эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэг болгох зорилгоор нийтлэсэн бөгөөд энэхүү мэдээллээс харахад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудын хараа хяналт, хариуцлагагүй байдал давхар хөндөгдөж байгаа юм. Учир нь хохирогч охидыг орогнуулж, гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлээ хийх нөхцөлийг хангаж байсан буудлууд дээрх хугацаанд нэг ч охины бичиг баримтыг шалгах, цагдаа дуудаж мэдээллэх үйлдэл хийж байгаагүй бөгөөд зөвхөн хамт яваа нэг хүний бичиг баримтанд тулгуурлан үйлчилж байжээ.