С.Шаарийбуу: “Гэмт этгээдийг суллах”-ыг хүссэн бичгийг манай улсын нөлөө бүхий хүн Малайз руу явуулсан байсан

С.Шаарийбуу: “Гэмт этгээдийг суллах”-ыг хүссэн бичгийг манай улсын нөлөө бүхий хүн Малайз руу явуулсан байсан

Одоогоос яг 15 жилийн өмнө монгол улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа Малайз улсад онц ноцтойгоор амиа алдсан. Энэ хэргийн дараа монгол болон гадаадын хэвлэлүүдээр түүний үхэлтэй холбоотой олон янзын мэдээ мэдээлэл гарч байсан ч одоог хүртэл энэ хэрэг шийдэгдсэнгүйгээр барахгүй түүний амийг хөнөөхөд оролцсон иргэд ч зохих шийтгэлээ аваагүй байгаа юм.

ҮЗЭХ:

Тодруулбал, түүнийг аллагыг захиалсан гэх Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак, түүний улс төрийн зөвлөх Абдул Разак Багинда нарын гэмт үйлдэл олон баримтаар нотлогддог ч тус улсын шүүхээс тэднийг энэ хэрэгт холбоогүй хэмээн цагаатгасанаар, дээрх хэрэг бүр мөсөн хэрэгсэхгүй болж хааны архивт оржээ. Харин талийгаачийн аав С.Шаарийбуу гуай 15 жил энэ хэргийн араас орь ганцаар цуцалтгүй явж, үнэн мөнийг олж тогтоон охиныг нь алсан этгээдүүдэд зохих шийтгэлийг нь ногдуулах гэж зүтгэсээр ирсэн байна. Түүний хувьд охиных нь хэрэг дахин хэзээ ч гарч ирэх боломжгүй Малайз улсын “хааны архивт” орсны дараа ч зогссонгүй, тус улсын ерөнхий сайдын сонгуульд нөлөөлж, дээрх хэрэгт буруутай Нажиб Разакын өрсөлдөгчийг сонгуульд ялуулж чадсанаар С.Шаарийбуу гуай охиныхоо хэргийг цоо шинээр эхлүүлэн, тус улсын шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжийг олж авч чаджээ.

Дэлхий даяар гараад буй коронавируст халдварын улмаас шүүх хурлууд онлайнаар болж байгаа хэдий ч өнгөрсөн 15 жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлуудаас цоо шинэ нөхцөл байдал үүсч эхэлсэн байна. Тодруулбал, тус хэрэгт өнгөрсөн хугацаанд хөндлөнгөөс буюу монгол улсын талаас нэгэн эрх бүхий этгээд оролцож байсан, улмаар талийгаачийн аллагыг захиалсан гэх Абдул Разак Багиндаг суллах хүсэлтийг манай улсын засгийн газраас явуулсан баримтууд олджээ. Бид энэ талаар талийгаачийн аав С.Шаарийбуутай ярилцлаа. Одоо онлайнаар хэлэлцэж байгаа шүүх хурлаар тус хэрэгт монголын талаас нөлөөлсөн байж болзошгүй хүмүүсийн талаар яригдаж байгаа бөгөөд манай улсын засгийн газар тус шүүхийн процесст анхаарлаа хандуулах байх гэж найдаж байна.

СОНСОХ:

-БИ ӨДИЙГ ХҮРТЭЛ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БҮХ ГЭРЧҮҮДИЙН ЗАРДАЛ МӨНГИЙГ ДААСААР ОРОН БАЙРАА ЗАРЖ, ӨМД МИНЬ ХҮРТЭЛ ЦООРСОН-

-Өнгөрсөн хугацаанд охины тань хэрэг шийдэгдэлгүй байсаар өдийг хүрлээ. Аллагыг захиалсан этгээдүүд ч хэн болох нь эргэлзээ төрүүлсээр ирсэн. Таны хувьд дээрх хэрэгт Малайзын нэр бүхий улс төрчид холбоотой гэдэг ч тэд одоог хүртэл ял шийтгэлээ аваагүй байна?

-Тийм ээ, яг 15 жил болж байна. Би эхэнд нь нэг зүйлийг хэлмээр байна. Энэ бол “хүний эрх”. Монгол улс Үндсэн хуулиндаа “хүн амьд явах эрхтэй” гэж заасан байдаг ч одоог хүртэл эрх нь зөрчигдсөн, амьд явах эрхээ булаалгасан иргэдэд тусламж үзүүлэх, эрхийг нь хамгаалах явдал огт байхгүй байна. Төрийн хамгийн чухал зүйл бол иргэдээ амар тайван, аюулгүй орчинд амьдруулах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх. Тиймээс ч биднийг төрөхөд төрсний гэрчилгээ өгдөг бол, гадаад улс оронд гарахад тэр гэрчилгээ нь гадаад паспорт болж хувирдаг. Охины минь хэргийн талаар нэг хэсэг хэвлэл мэдээллээр намайг маш их нүддэг байлаа, харлуулдаг, янз бүрээр бичдэг байлаа.

Гэсэн ч би цуцаагүй өдийг хүргэсэн эцэг хүн. Өнгөрсөн 15 жилийн 12-т нь Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак гэдэг хүний засаглал байсан. Энэ хэрэг ч улс төр, хээл хахууль оролцсон цаанаасаа бэлтгэгдэж, төлөвлөгдсөн, тушаалаар гүйцэтгэсэн хэрэг. Тодруулбал, тус улсын Ерөнхий сайд байсан Нажиб Разак түүний маш ойр дотны зөвлөх байсан Абдул Разак Багинда нарын захиалгаар хийж гүйцэтгэсэн хэрэг юм. Нажибын засаглал маш олон жил үргэлжилж, тус улсын ард иргэд ч түүнээс айдаг, үзэн яддаг байсан үе. Тиймээс хэрэгт оролцсон гэрчүүдийн мэдүүлэгт нөлөөлөх, шүүхэд нөлөөлөх гэх мэт замаар оролдсоор өнгөрсөн хугацаанд огт шийдэгддэггүй байсан юм.

-Тэдний захиалга байсан нь ямар баримтуудаар нотлогддог вэ?

-Нэгдүгээрт, хэргийг хийж гүйцэтгэсэн хоёр этгээд хэрэг хийсэн газар, цаг гээд бүх зүйлээ хүлээсэн, тэдний гэмт хэргээ үйлдэхдээ ашигласан зэвсэг засгийн газрын зөвшөөрөлтэйгээр зөвхөн дайн, тулааны үед гардаг дэлбэлэгч зэвсэг. С-4 гээд тэсрэх бодисын зөвхөн нэг нь 15 давхар байшинг газартай нь тэгшилдэг юм билээ, гэтэл тус бодисоос хоёр, гурвыг авах зөвшөөрлийг тус улсын Батлан хамгаалах яамнаас өгсөн байгаа юм. Хоёрдугаарт, Нажиб талийгаачийг огт танидаггүй гэж мэдүүлдэг ч Нажиб, Багинда, талийгаач гурвын Францад нэг ресторанд хамтдаа инээлдээд сууж байгаа цорын ганц зургийг фотошопдож өөрчилсөн байдаг юм. Тодруулбал, талийгаач Өмнөд Солонгосын нэг эмэгтэй жүжигчинтэй их төстэй байсан юм билээ. Түүний толгойг тэр зурган дээр авчраад фотошопдчихсон.

Харин талийгаачийг нас барснаас яг 14 хоногийн дараа тэр жүжигчин Америк дахь гэртээ амиа алдсан байдалтайгаар олдсон. Мөн хэрэг гарсан гэх 2006 оны аравдугаар сарын 19-20-ны өдөр тус улсын лалын томоохон баяр байсан бөгөөд Багинда талийгаач руу утасдаад “чи надад ирж баяр хүргэхгүй юм уу, ганцаараа ирээрэй” гэсэн байгаа юм. Ингээд тэдний гэрийн гадаа очиход хоёр этгээд талийгаачийг таксины мөнгөө ч өгч амжаагүй байхад нь хүчээр машиндаа суулгаад аваад явсан байдаг. Мөн дараа нь олдсон утасны яриа, зурвасуудыг харвал аллагыг хийж гүйцэтгэсэн этгээд тэр шөнөө “Таны захиалгын дагуу бид хийж гүйцэтгэлээ. Эрхэмсэг ноён Багинда та өнөө шөнө тайван, амгалан унтаж болно” гэсэн байдаг юм билээ. Ингээд энэ хэргийг хийж гүйцэтгэсэнийхээ төлөө тэд Багинда болон Нажибаас 300 сая ринггит авахаар тохиролцсоноо ч мэдүүлэгтээ дурдсан байдаг.

-2008 ОНЫ ЗУРГААДУГААР САРД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОХИНЫ МИНЬ ХЭРГИЙГ ЗАХИАЛСАН БАГИНДАГ “ХИЛСДҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ” ГЭСЭН УТГАТАЙ АЛБАН БЛАНКТАЙ БИЧГИЙГ МАЛАЙЗЫН ПРОКУРОРТ ЯВУУЛСАН -

-Та энэ хэргийг “хааны архив”-аас яаж  гаргаж, дахин хэлэлцүүлэх боломжтой болгов?

-Би 2008 оны аравдугаар сард эндээс дахин шүүх хуралд оролцохоор очсон. Гэтэл шүүх хурал зөвхөн 15 минут үргэлжилээд л аллах тэнгэрийн зарлигаар Багиндаг суллачихсан. Тэгэхээр нь би яагаад ийм шийдвэр гаргасан талаар асуутал манайхаас захидал хүлээж авсан прокурор нь “танай улсаас ирсэн энэ бичгийг анзаарахгүй байж болсонгүй ш дээ” гэж хэлсэн байдаг юм. Ингээд л тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хааны архивд орчихсон. Тус улсын хуулиар хааны архивд орсон хэрэг хэзээ ч дахин гарч ирж, шүүхээр хэлэлцэгдэхгүй гэсэн үг юм билээ.

Харин 2018 онд Малайзад Нажибыг хусах сонгууль болдог юм. Тэр сонгуулиар л би Малайзын тугийг барьж байгаад “Малайзын ард түмээн, танай орны түүхэнд дахин давтагдашгүй, хамгийн хариуцлагатай сонголт маргааш өглөө болох гэж байна. Энэ сонголтыг буруу хийвэл миний охинд тохиолдсон шиг хүнд нөхцөл байдал та бүхний өмнө хэзээ нэгэн цагт гарч ирэхийг үгүйсгэхгүй шүү. Та бүхэн сонголтоо хийхдээ Алтантуяаг нэг бодоод үзээрэй” л гэж хэлсэн. Ингээд сонгуулийн өмнөх орой нь Нажибын эсрэг өрсөлдөж байсан Махатхир гуай миний тэр бичлэгийг үзүүлж байгаад ард түмэндээ уриалсан. Маргааш нь Махатхир гуай 73 хувиар сонгуульдаа ялалт байгуулчихаад намайг урьсан юм. Тэгээд очтол “би улс орныхоо шүүх засаглалд шударга үнэнийг тогтооно гэж амлан гарч ирсэн. Тиймээс чиний охины тун ноцтой хэргийг архиваас гаргуулаад, дахиад нэг гэж тоольё” гэсэн юм.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ хэрэгт монголын талаас нөлөө бүхий этгээд нөлөөлсөн гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярьвал?

-Хэрэг болсны дараа гэрчүүдийн мэдүүлгээр Багинда баривчлагдсан боловч жил гаруй хугацаанд шоронд суугаад 2008 оны аравдугаар сард суллагдсан юм. Харин нэг ноцтой зүйл нь 2008 оны зургаадугаар сарын сарын 3-нд манай улсын нэгэн том албан тушаалтай хүнээс албан бланктай бичиг очсон байдаг юм билээ. Тэр бичгэн дээр юу гэсэн байдаг вэ гэхээр “Багиндагийн хийсэн хэрэг төдийлэн батлагдахгүй бол түүнийг хилсдүүлэхгүй байхыг хүсье” гэсэн байдаг. Энэ бичгийг тус хэргийг хянаж байгаа прокурорт, нэг хувийг нь миний өмгөөлөгч буюу тус улсын сөрөг хүчний намын дарга Карпалд явуулсан байгаа юм.

Учир нь Карпал гуай манай улсын засгийн газрын өмнөөс намайг өмгөөлж байгаа тул тэр хүнд нэг хувийг нь явуулахгүй бол бас болохгүй л дээ. Ингэхдээ мөн “Багиндаг суллах, түүнд хэрэг хүлээлгэхгүй байх тухай та анхаарч үзээрэй, бас туслаарай” гэсэн дагавар бичиг явуулсан байдаг. Тэгээд Карпал гуай манай улсад байдаг нэг хуулийн фирмийн захирал руу энэ талаар мэдээлээд тэр хүн нь намайг дуудсан хэрэг л дээ. Тэгэнгүүт нь би Гадаад явдлын яаман дээр гүйж очоод “яагаад ингэж байгаа юм” гээд асуудаг юм байгаа биз дээ. Тэр үед С.Оюун дарга байсан, тэр бичиг явуулсан гэх даргыг ч утастаад дуудаад ирүүллээ. Гэтэл тэр хүн ирээд юу гэсэн бэ гэхээр “би үгийн сонголт буруу хийжээ” гэдэг юм даа. Тэгэхээр нь би босож ирээд “чи нэг үг андуурсан бол өөр асуудал, гэтэл чи бүхэл бүтэн томоохон агуулгыг алдаж бичнэ гэж байх уу” гэсэн.

-ТУХАЙН ҮЕД БИ ТЭР ТОМ ДАРГААС ЯАГААД ИЙМ БИЧИГ ЯВУУЛЖ БАЙГААГ ЛАВЛАТАЛ “ҮГИЙН СОНГОЛТ БУРУУ ХИЙЖЭЭ” ГЭЖ ХЭЛЧИХЭЭД ГАДАГШАА ТОМИЛОЛТООР ЯВЧИХСАН  -

-Тэр хүн одоо, хаана байдаг вэ?

-Тэр хүн яг надтай уулзсан тэр өдрийнхөө үдээс хойш нь л шагналаар гадаадад ажиллахаар болоод томилолтоо аваад, билетээ захиалчихсан байсан. Тэгээд л яваад өгсөн. С.Оюун ч УИХ-ын гишүүн болоод явчихсан. Тэр хүн одоо ч том дарга хэвээрээ л байгаа.

-Тэгвэл тэр хүн ямар учраас энэ хэрэгт нөлөөлж, гэмт этгээдүүдийг хаацайлж байгаа талаар танд ямар бодол төрдөг вэ?

-Энэ л хамгийн чухал. Тухайн үед би Малайзад яваад очихоор тэнд манай элчин, консул байхгүй, одоо ч хэвээрээ. Гэхдээ манай улсыг төлөөлөөд сууж байдаг өргөмжит консул гэж хүн бий. Гэхдээ тухайн орон нь тэр хүнд цалин хөлс өгдөггүй, харин тэр хүн мөнгө төгрөгтэй, эрх мэдэл бүхий тухайн улсыг төлөөлж суух сонирхолтой хүн л өргөмжит консул хийдэг. Тэр үед би Малайзад очоод юу ч мэдэхгүй, хэнийг ч танихгүй тул Абдул Алхавши гэдэг тэр хүнийг л олоод очдог юм байгаа биз дээ. Гэтэл тэр хүн хэрэгт холбогдоод байгаа Нажибтай нэг ангийн найзууд байж таарсан. Би энийг бүр сүүлд мэдсэн.

Сүүлд Багиндаг сулладаг шүүх хурлын дараа намайг гэртээ авчраад хоол, цай болоод байж байгаад нэг хананыхаа тэнд байсан хөшгийг нээтэл өргөмжит консул гээд байгаа Абдул Алхавши ерөнхий сайд Нажибтайгаа тэврэлдээд авхуулсан том зураг өлгөөтэй байдаг юм даа. Би ч гайхаж, цочирдоод учрыг асуутал “Нажиб би хоёр дунд сургуулийн нэг ангийн найзууд шүү дээ. Түүгээр ч зогсохгүй би засгийн газрын ордныхоо намын үүрийн дарга бөгөөд танай улсын өргөмжит консул” гэж надад онгирч байсан. Тэр нөхөр надаас авсан бүх мэдээллээ Нажибд дамжуулаад, Нажиб шүүхдээ нөлөөлдөг байж. Гэтэл нөгөө монголоос захиа илгээсэн нөлөө бүхий том дарга Малайз улсад суух манай улсын өргөмжит консул Абдул Алхабшитай хамтарсан компанитай байсан юм билээ. Би ч уур хүрээд тэр консулыг өргөдөл бичүүлээд ажлаас нь халуулчихсан. Одоо түүний оронд монгол эхнэртэй, бас нэг малайз хүн консулаар томилогдсон. Мөн үүнээс гадна аллага үйлдсэн хоёр этгээдийн нэгийг Австрали руу зугтаахад мөн л манай талаас оролцсон. Энэ бүгд одоо шалгагдаж байгаа, удахгүй ил болох байх.

-МАНАЙ УЛСААС БИЧИГ ЯВУУЛСАН ТЭР ТОМ ДАРГА МАЛАЙЗАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛТАЙ ХАМТАРСАН КОМПАНИТАЙ БАЙСНЫГ СҮҮЛД МЭДСЭН-

-Одоо хэргийн шүүх хурал ямар шатандаа үргэлжилж байна?

-Махатхир гуай хэргийг дахин хэлэлцэх боломж өгснөөс хойш гурван жилийн хугацаанд би дахиад л Монгол, Америк, Малайз гээд өөр бусад улс орнуудаас 70 гаруй гэрчийг өөрийн зардлаар тус улсад аваачиж мэдүүлэг өгүүлсэн. Нэгэнт өдий олон жил явчихаад одоо хүмүүсийн доромжлолоос болж няцаад яахав дээ гэж бодоод л гүрийдэг. Өнгөрсөн хугацаанд талийгаачийг янз бүрээр бичээрэй гээд 8 тэрбум төгрөг манай улсад орж ирсэн ш дээ бүр. Би үүнээс болж зарим хэвлэлийнхэнтэй нэлээн хурцаар муудалцаж, комьпютерийг нь ч авч шидэж байсан. Одоо бол Багиндагийн хэргийг хэлэлцэж байгаа. Нажибын үед хүмүүс өөр мэдүүлэг өгдөг байж. Одоо бол Карпал гуайн охин хүү хоёр миний өмгөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд бүх хүмүүсийг үнэнийг нь хэлүүлэхээр болж байгаа. Гэхдээ, тэд үнэнийг нь хэлэхээсээ өмнө надаас мөнгө нэхдэг.

Жишээлбэл, таксины жолооч тэдэн доллар, буудлын ресепшин тэдэн доллар гээд, би бүгдийг нь өгч байгаа. Одоо надад юу ч байхгүй болсон. Байраа зарсан. Миний өмд цоороод дүүгээсээ өмд авч өмссөн. Эхнэрээ ээж дээр нь аваачаад өгчихсөн, өөрөө тэгээд л ах дүүгийнхээрээ хоноглоод л байж байна. Хүний амьдралыг ийм болтол нь л хохироож байна шүү дээ. Одоо хэргийг бол цоо шинэ шатанд нь үргэлжлүүлж байна, миний мөнгө төлсөн гэрчүүд ч мэдүүлгээ өгөөд явж байгаа. Малайзаас бүр ийм ийм гэрчүүдэд мөнгө төлөх жагсаалт гээд ирдэг. Одоо 17 хүний мөнгө төлнө. Цаашид хэд ч болох юм бүү мэд. Гэхдээ би яаж ийж байгаад л төлнө. Сая өнгөрсөн даваа гарагт манай улсаас бичиг явуулсан гэх этгээдийн талаар шүүх хэлэлцсэн байна лээ. Гэхдээ би мэдүүлэг өгөөгүй, надад бичиг ирээгүй учраас, анх бичиг хүлээж авсан хүмүүс л ярьж байгаа юм билээ.

-Өнгөрсөн хугацаанд манай улсын Засгийн газраас энэ хэрэгт анхаарч, туслаж байсан уу?

-Манай улс ер нь Малайз улстай их сонин дипломат харилцаатай. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж л гэхэд тэр Нажибтай жигтэйхэн дотно найз. ACEM-н үеэр монголд ирээд л хамт хорхог, боодог хийсэн зураг хөрөг нь ч явж байсан. Өнгөрсөн хугацаанд би дандаа л ганцаараа шүүх хуралд эндээс явдаг байсан. Нэг удаа монгол улс гэж байдаг юм байгаа биз дээ гэж бодоод тэр үед ХЭҮК-ийн дарга байсан Ж.Бямбадоржтой очиж уулзаад П.Оюунчимэгийг хамт явуулж байсан, дараа нь ерөнхийлөгч Х.Баттулгын хүний эрхийн зөвлөх байсан Г.Уянгыг авч явсан байдаг юм. Түүнээс биш ямар ч сайд дарга нар Малайзын гадаад явдлын яам болон шүүгчидтэй нь очиж уулзаж байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа, хэрэг шударгаар шийдэгдэнэ гэж найдаж байна.