С.Эрдэнэбат: НДШ-ийг нэмэх, хасах асуудлыг даатгал төлөгчдөөс, ард иргэдээс асууж байж шийд

С.Эрдэнэбат: НДШ-ийг нэмэх, хасах асуудлыг даатгал төлөгчдөөс, ард иргэдээс асууж байж шийд

Манай улс 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж нийт 26 хувь /ажил олгогч-13.5 хувь, хувь хүн-12.5 хувь) болгосон. Цаашид долдугаар сарын 1-ээс бусад салбарынхан 26-28 хувийн шимтгэл төлж эхэлнэ. Үүнийг иргэд эсэргүүцэн “дэлхийн бусад оронтой харьцуулахад дундаж цалин хамгийн бага атлаа хамгийн өндөр шимтгэл төлж” байна хэмээн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж буй.

Тэгвэл бид уг асуудлаар нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг тууштай эсэргүүцэж, удаа дараа суулт хийж буй Монголын Үйлдвэрчний Эвлэлийн дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.

СОНСОХ:

-МОНГОЛЧУУДЫН ЦАЛИН ХӨЛС, ОРЛОГОТОЙ НЬ УЯЛДУУЛЖ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ТОГТООХ ЁСТОЙ-

-Нийгмийн даатгалын шимтгэл хэзээнээс нэмэгдсэн, яг хэдэн хувиар нэмэгдэж, ямар ачаа, дарамт үүсгээд байгааг зарим иргэн төдийлөн мэддэггүй. Тэгэхээр ярилцлагаа энэхүү суурь ойлголтоос эхлүүлье гэж бодлоо?

-Уг сууриас нь яривал нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудал бүр 2010 оноос эхтэй. Хуучин нийт 19 хувь буюу ажил олгогч 14 хувь, ажилтан 5 хувийг төлдөг байсан. Үүнийг 2011 онд ажил олгогчоос авдаг шимтгэлийг 9 пунктээр бууруулсан ч эргээд нэмсэн. Ингэхдээ ажил олгогч 13,5/үйлдвэрлэлийн осолтой нийлээд/, ажилтан 12,5 хувь болгож нэмсэн. Өөрөөр хэлбэл, ажилтнаас авах шимтгэлийг 7,5 хувиар нэмсэн гэсэн үг. Хамгийн гол нь энэхүү нэмэгдлийн ихэнх хувь нь тэтгэврийн даатгал дээр нэмэгдээд байгаа юм. 

Гэтэл тэтгэврийн даатгал гэхээсээ илүү тэтгэврийн сан гэж байх ёстой шүү дээ.

-Тэтгэврийн даатгалын сан дээр жишээ авч яривал. Монголд иргэн тэтгэврийн даатгалд төлсөн мөнгөө эргээд хүртэж чадаж байгаа юу?

-Энгийнээр тайлбарлавал, тухайн иргэн 21-ээс 45 нас хүртлээ 24 жил ажил хийсэн гэж бодъё. Муугаар бодоход ямар нэгэн байдлаар өвчин тусаж, эсвэл осолд орж тахир дутуу боллоо гэхэд тэрхүү 24 жил төлсөн тэтгэврийн даатгалын санд үлдэж буй мөнгө тухайн иргэнд эргээд олдохгүй гэсэн үг. Өнөөдрийн хуулиар нэг ч төгрөг олдохгүй. Үүнийгээ шийдээгүй хэрнээ гурван жилийн дотор бараг таван хувиар нэмчихлээ. 2018 онд ажил олгогч, ажилтан тус бүр нэг хувь нийт 2 хувиар, 2019 онд тус бүр 0,5 хувь, 2020 онд Үйлдвэрчний эвлэлээс жагсаал цуглаан хийж, төсөвт хориг тавиулсны эцэст нэмэгдүүлээгүй, 2021 онд дахин нэмчихлээ. Тэгэхээр бидний шаардаж буй зүйл бол даатгалын өгөөжийг нэмэгдүүлэх л асуудал юм.

-Тэтгэврийн даатгалын өгөөжийг нэмэгдүүлэх гэдэгт тэтгэвэр өвлөгддөг тогтолцоо ч хамаарах байх?

-Тийм. Манай ахмадууд дунджаар 400 мянга орчмын тэтгэвэртэй байна. 80 хувь нь 350 мянган төгрөг авдаг. Нэг өрхийн хоёр ахмад байлаа гэж бодъё. Нэг нь 400 мянга, нөгөө нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байя. Нийт 750 мянган төгрөгөөр хоол хүнс, түлээ нүүрс, эм тариа гэх мэт зүйлсээ авна. Гэтэл нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэж бодоход үлдсэн 350 мянган төгрөгөөр нэг хүн яаж амьдрах вэ. Байранд амьдардаг байлаа гэхэд тог, ус, цахилгаан, СӨХ гээд хаанаа ч хүрэлцэхгүй шүү дээ. Тиймээс тэтгэвэр өвлөгддөг байх гэсэн зүйлийг бид яриад байгаа юм.

-Гэтэл зарим хүн Японы жишгийг яриад байдаг шүү дээ. Япончуудын НДШ 26 хувь байдаг. Бид Япон шиг хөгжихийн тулд энэ зэргийн даатгалыг төлөх ёстой гэдэг?

-Хамгийн гол нь нэмэх, хасахдаа байгаа юм биш. Давын түрүүнд даатгалын тогтолцоо хэр шударга юм бэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Үүний дараа Монголчуудын цалин, хөлс, орлоготой нь уялдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоох ёстой. Манайх шиг 26 хувийн даатгал төлдөг улс гэвэл Япон, Дани болон Европын зарим орныг нэрлэж болно. Гэхдээ тэдгээр улсын даатгалын систем маш өндөр хөгжсөн байдаг. Дундаж цалин нь манайхаас 4,5 дахин өндөр. Тухайлбал, Японы дундаж цалин гэхэд л 4 мянган ам.доллар, дундаж наслалт нь 83, 84 байдаг. Гэтэл манай дундаж цалин 1 сая төгрөг, дундаж наслалт эрэгтэйчүүд нь 66, эмэгтэйчүүд нь 72. Эрчүүдийнх нь хоёр хүн тутмын нэг нь буюу 52 хувь нь тэтгэвэрт гарч чадалгүй нас бардаг. Энэ бол аймшигтай тоо. Магадгүй хөнгөн ажил хийдэг хүмүүс тэтгэврээ аваад урт удаан наслаж чадах ч эрсдэлтэй буюу уул уурхайн хүнд ажил хийдэг хүмүүс тэтгэвэрээ авч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна.

 

-КАПИТАЛ БАНКНЫ 234 ТЭРБУМЫН НЭГ ӨДРИЙН ХҮҮ
ГЭХЭД Л ӨДӨРТ ГУРВАН ХҮНИЙ АМИЙГ АВРАХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ-

-Монголын Үйлдвэрчний эвлэлээс НДШ-ийн нэмэгдлийн асуудал дээр эртнээс тэмцэж ирсэн. Таны хувьд ч үүнийг тууштай эсэргүүцэж, талбай дээр хүртэл суулт хийж байна. Яг ямар шаардлагуудыг тавьж байгаа юм бэ. Та бүхний тэмцлийн үйл явц ямар байна?

-Би гурван асуудлыг шийдэж өгөхийг шаардаж байгаа.

  • Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн шийдвэрээ цуцлах,
  • Хоёрдугаарт, Капитал банкны 234 тэрбум төгрөгийг барагдуулахад тусгай хяналтын ажлын хэсэг байгуулах,
  • Гуравдугаарт, Нийгмийн даатгалын ашиг сонирхлын зөрчилтэй, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг дахин шалгаж, хариуцлага алдсан, хангалтгүй ажилласан хүмүүсийг эргүүлэн татаж, хариуцлага тооцох. Мөн даатгалын мэдээллийг олон нийтэд ил тод болгох. Үүний дараа тэтгэврийн реформыг хийе, нийгмийн даатгалын зарим хуулийг өөрчилье гэж хэлж байна.

-Та 2019 оноос эхлэн Капитал банкны 234 тэрбум төгрөгийн асуудлаар “дуугарч” эхэлсэн шүү дээ. Тухайн үед шүүх хурал ч болж байсан санагдаж байна. Хоёр жилийн хугацаанд ямар нэгэн өөрчлөлт гарав уу?

-2019 оноос хойш нэг тэрбум төгрөгийн ч өрийг барагдуулаагүй байна. Монголбанк, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамнаас томилогдсон эрх баригчдын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлийг би ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хардаж байна. Яагаад гэвэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө төрийн агентлагийн мөнгө, хүмүүсийн даатгал хадгаламж биш гэж үзэж, ангилалд оруулж байсан. Уг асуудлаар “шүүхэдсээр” байтал нэг жил өнгөрсөн. Шүүх үнэнийг тогтоосон ч нэг тэрбум төгрөгийн ч өрийг барагдуулаагүй байна. 234 тэрбум төгрөгийн жилийн хүү 32 тэрбум төгрөг. Үүнийг алдчихлаа шүү дээ. Өдөрт хувааж үзвэл 90 сая төгрөг/хоногийн хүү/. Өөрөөр хэлбэл, хоногт 90 сая төгрөг алдаж байна гэсэн үг. Үндсэндээ хоёр жилийн дотор 35 тэрбум төгрөгийн хүү алдчихлаа.

Уушги орлуулах ECMO гээд аппарат ойролцоогоор 250 сая төгрөгийн үнэтэй. Дагалдах эмчилгээнүүд нь нэг хүнд барагцаагаар 30 сая төгрөг гардаг гэж сонссон. Гэтэл өдөрт гурван хүний амийг аврах хэмжээний мөнгө хүүнд нь урсаж байна. 2019 онд маш олон хүүхэд уушгины аппарат байхгүй учраас хатгалгаагаар эндсэн. Гэтэл уушгины аппарат Эх нялхаст 2, 3 байх ёстой шүү дээ. Нэг тэрбум төгрөгөөр хэд, хэдэн аппарат аваад, дагалдах эмчилгээнд 200 сая төгрөг тавьчихвал хэдэн хүүхдийн амь насыг аврах байсан гээч.

-Ялангуяа хавдрын асуудал дээр иргэд насаараа даатгал төлсөн ч хангалттай үйлчилгээ авч чаддаггүй гэж хэлдэг шүү дээ?

-Манай улсад зүрх судасны өвчлөл, харвалтаар жилд 5 мянга, хавдраар 4700 орчим хүн нас бардаг. Гэтэл иргэн өвдөөд MRA-д харуулах хэрэгтэй боллоо гэхэд Нэгдүгээр эмнэлэгт MRA аппарат байдаггүй. Хавдар судлалд байдаг ганц аппарат нь маш их оочертой, бүр 28 хоногийн дараа л цаг олддог. Тэгэхээр иргэд ойр хавийн хувийн эмнэлгүүдэд өндөр төлбөр төлж байж нэг юм MRA-д орж чаддаг.

Насаараа шимтгэл төлчхөөд өвдөх үедээ та дахиад л мөнгө төлөх хэрэгтэй болно.

Байнгын эм уудаг хүмүүс бий. Тэр хүмүүст зориулсан эмүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахын тулд "лобби" хийдэг бүлэг бий болчихсон. Хамгийн сайн эмийг жагсаалтаас хасчихдаг. Яагаад гэвэл цаанаа эмийн бизнес эрхлэгчидтэй холбоо, сүлбээтэй ажилладаг учраас. Эрүүл мэндийн даатгалд эмийн, MRA аппаратын бизнес эрхлэгчид бүр холилдчихсон байгаа. Гэтэл насаараа даатгал төлсөн хүн яагаад үйлчилгээ авахын тулд олон хоног хүлээж, чанаргүй эм хэрэглэх ёстой юм бэ. Хавдар туссан хүний амьдрал өдөр, хоногоор хэмжигдэж байдаг. Нэн яаралтай эмчилгээнд оруулахын тулд MRA  аппаратад орсон байх ёстой. Гэтэл MRA нь 20 хоногийн дараа цаг өгдөг. 20 хоног байтугай нэг цаг ч тэр хүнд үнэтэй шүү дээ.  Манай улс харамсалтай нь үүнийг тоодоггүй, хаячихдаг. Мөнгө авахдаа авдаг, эргээд иргэндээ тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дандаа буруу гараар оруулдаг. Эмнэлгийн дарга нарыг дамжсан маш олон тендерийн булхай байгаа. Эмийг дагасан маш том булхай байна. Олдсон хямд эмийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл эмийн жагсаалд оруулж байдаг. Уг нь хамгийн чанартай, хамгийн баталгаатай эмийг эрүүл мэндийн даатгалаар дамжуулж иргэдэд өгч байх ёстой шүү дээ. Миний зүгээс Үндэсний зөвлөлийн гишүүд, яамны сайд дарга зэрэг хүмүүс эмийн бизнесийнхэнтэй нийлж ашиг олж байна гэж хардаж байгаа юм.

-Зарим иргэн даатгал өндөр төлөх сайн гэж ярьдаг. Ялангуяа залуусын хувьд гадагшаа виз мэдүүлэх, тэтгэлэгт хамрагдахад нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлсөн байвал сайнаар нөлөөлнө гэдэг. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Тэтгэврийн даатгалын сандаа 100 сая төгрөгтэй хүн байлаа гэж бодъё. Тэр хүн 55 настайдаа хүнд өвдөж, гадаадад эмчлүүлэх 50 сая төгрөг шаардлагатай боллоо гэхэд ядаж 20 саяыг даатгалын сангаас гаргаад өгдөг болбол хүн урамтай төлнө шүү дээ. Эсвэл даатгал төлөгч нас барлаа гэхэд өөрийнх нь хуримтлуулсан мөнгөний тодорхой хувь нь ар гэрт нь очдог байсан бол тэр хүн бүр илүү төлье гэх байх. Өнөөдөр тэтгэвэр өвлөгддөг байсан бол тэтгэврийн даатгалын шимтгэлийг илүү төлөхөд харамсахгүй. Үр өгөөжгүй учраас л бид үүнийг цуцал, үр өгөөжийг шийдсэний эцэст дараа нь нэмэх, хасах асуудлыг яриад байгаа юм.

Өөр нэг жишээ яръя. Нэг сая төгрөгийн цалинтай иргэн жилдээ тэтгэврийн даатгалд 2,280,000 төгрөг төлөхөөр байна. Жил бүр. Хүүтэй нь нэмбэл бүр нэмэгдэнэ. Үүний оронд жилийн 12 хувийн хүүтэйгээр хадгалбал, нийлмэл хүүгийн аргаар бодоход 35 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа тэрбум гаруй төгрөгийн хуримтлалтай болж байгаа юм. Хэрэв одоогийн хуулиар 35 жил тэтгэврийн даатгалд мөнгө төллөө гэж бодоход өөрт нь юу ч хүртэхгүй.

-Ажил олгогчийн талаас бодвол?

-Даатгал нэмэгдэхээр ажил олгогчид цалингаа нэмэх сонирхолгүй болж байна. Яагаад гэвэл ажилтныхаа цалинг нэмэх тусам өндөр даатгал төлөх болчхоод байгаа юм. Ажил олгогч, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар гэсэн гурван талт механизмыг ерөөсөө алдагдуулж болохгүй. Даатгал төлөгчдийн мөнгө бол төрийн мөнгө биш. Цэвэр ард иргэд буюу даатгал төлөгчдийн мөнгө. "Даатгал нэмэх, хасах асуудлыг даатгал төлөгчдөөс асууж байж шийд" гэсэн ийм л шаардлагыг бид тавьж байна.

-Шаардлагын хариу ирсэн үү. Ямар нэгэн нааштай хариу өгөв үү?

-Ерөнхий сайд энэ асуудлыг дэмжиж байна гэдгээ хэлсэн. Одоо их хурал холбогдох шийдвэрүүдийг гаргах дутуу байна. Тиймээс их хурлын даргад тодорхой шаардлагуудыг тавьсан. Зарим гишүүн хуулийн төсөл санаачилсан. Гэхдээ хуулийн төслийн хэрэгжилтийг долдугаар сарын 1-ээс хойш гэсэн. Бидний зүгээс хууль хэрэгжиж эхэлсэн нэгдүгээр сарын 1-ээс нөхөн тооц гэдэг шаардлагыг тавьж байна. Үгүй бол дахиад өр болж хувирна.

-ЭМНЭЛЭГТ ӨВДӨӨД ОЧИХОД “МӨНГӨГҮЙ УЧРААС ҮХ” ГЭДЭГ ХАРИУЛТ СОНСОХГҮЙН ТУЛД ӨНӨӨДӨР ХҮН БОЛГОН ХАМТДАА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА -

-Та ярилцлагын эхэнд Японы жишгийг ярилаа. Мэдээж Япон, Монгол хоёр тэс өөр хоёр улс. Тэгвэл Монголтой ижил хөгжилтэй, НДШ-ээ сайн жишгээр шийдсэн ямар орон байна вэ?

-Эстон улс байна. Тус улсын нийгмийн даатгалын шимтгэл 8 хувь байдаг. Манайхаас бараг 3 дахин бага. АНУ-ынх 9 хувь. Үлдсэн хувиа тухайн иргэн хувийн даатгал дээр очоод гүйцээчихдэг. АНУ-д 2 мянга гаруй хувийн даатгалын компани бий. Нөгөөтээгүүр хэрэглэгчээ татахын тулд цэвэр өрсөлдөөн явагдаж, үйлчилгээ ч улам сайн болдог. Гэхдээ би Монголд бүгдийг нь хувийн даатгалд шилжүүл гэж байгаа юм биш. Эхний ээлжид суурь даатгалаа хувь нэмэхгүйгээр шийдэж, дараа нь сайн дураар даатгуулдаг хувийн даатгалын тогтолцоог бий болгох хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Ядаж Монголчуудын дундаж цалинг 1000 ам.доллар болгосны дараа хоёр хувиар нэм л дээ. Гэтэл нэг сая төгрөгийн дундаж цалинтай иргэнээс 26 хувийг нь даатгалд татаад явчихлаар яах болж байна аа. Энэ бол ядуурлын тогтолцоотой л уялдсан шийдвэр. 

Цалин орлоготой нь уялдуулж, даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шийд.

-Та Капитал банкнаас даатгалын асуудлаар мэдээлэл авах хүсэлт гаргасан гэж сонссон?

-Тийм. Мэдээлэл авъя гэтэл “энэ мэдээллийг танд өгөх боломжгүй” гэдэг хариуг өгсөн. Гэтэл Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн эсвэл Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын газрын даргад нээлттэй. Би үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргад “уг зөвлөлд хэн орох нь чухал биш. Ямар ч хүн орсон хулгай хийх боломжгүй, ашиг сонирхлын зөрчилгүй байлгах үүднээс бүх эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй хурлыг нь хийлгэдэг болъё” гэдэг шаардлагыг бас тавьсан байгаа.

-Капитал банк, нийгмийн даатгалын асуудлыг ярихад олон хүний эрх ашиг хөндөгдөж байна гэж та хэлсэн. Ер нь тэмцлээ үргэлжлүүлэхэд танд ямар нэгэн шахалт дарамт ирж байна уу?

-Зарим нэг хүн Үйлдвэрчний эвлэлийг улс төртэй холбож, энэ тэмцлийг саармагжуулах ажил руу орж байна. Энэ тэмцлийг ганц С.Эрдэнэбат гэдэг хүн биш, маш олон хүн хүсэж байгаа гэдгийг санаарай. Би ямар ч намын гишүүн биш, ямар ч намыг дэмжиж Үйлдвэрчний эвлэлийг тэдний гар хөл болгохыг хүсдэггүй. 2019 онд Капиталын асуудлыг хөндөж байхад танихгүй дугаар, танихгүй хаягаас наад асуудлаа орхи гэж дарамталдаг байсан. Цаана нь энэ мөнгөнөөс хулгай хийчихсэн бүлэг байгаа. Тэд одоо айж, сандарч байгаа. Тэдний эсрэг тэмцэхийг би хүмүүст уриалж талбай дээр суулт хийж байсан ч хатуу хөл хорионы үе учраас хуулиа хүндэтгэж, түр хугацаанд зогсоосон. Өнөөдөр өглөө ажилдаа ирэх замдаа талбай дээр очсон ч цагдаа нар шаардлага тавьсан учраас суулт хийгээгүй. Тиймээс өөрийн “пейж” хуудсаар дамжуулж хүмүүсийг уриалж байна. Би эрүүл мэндийн даатгалын асуудлаар гурван сая хүнийг өмгөөлж байна гэж боддог. Тиймээс бидний тэмцлийг битгий мохоо гэж хэлмээр байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг шийдэхэд юу тээг болж байна. Эсрэгээрээ үүнийг шийдэх гарц гаргалгаа юу байх вэ. Та ярилцлагын явцад нэлээдгүй ярилаа. Гэхдээ дүгнээд хэлэхэд?

-Нэгдүгээрт, эрх баригчид удаан байна. Хоёрдугаарт, өмнөх мөнгийг нь барагдуулах асуудал дээр шуурхай ажиллаж, шийдэж чадаагүй байж дахиад нэмж ачаалал өгөөд байна. Дээрээс нь хэдэн арван жилийн өмнө ярьж байсан тэтгэврийг өвлүүлэх асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн Хавдрын эмнэлэг, Хөгжлийн банкнаас мөнгө аваад хувийн эмнэлэг барьж болоод байна. Гэтэл улс яагаад болдоггүй юм бэ.

Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр аппарат авч, эмнэлгийн үйлчилгээг оочер дараагүй болгохыг шаардаж байна.

Залуус ч гэсэн анхаарах хэрэгтэй байна. Эмнэлэг дээр өвчиндөө шаналаад хэвтэж байгаа олон залуу байна. Залуу насандаа эмнэлэгт үзүүлж бай. Тогтолцооноос нь эхлээд шинэчлэл хэрэгтэй. Хамгийн гол нь хувь хүн болгон үүнийг анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр Япон, Солонгос, Сингапур даатгалын асуудлаа шийдэхэд иргэн болгон шаардаж, үйлдвэрчний эвлэл нь төр засгаа шахаж, хэн ч байсан хулгай хийх боломжийг олгодоггүй байсан нь нөлөөлсөн. Бүр нийгмийн даатгалын сангаас нэг таваг хоол авч идсэн ч огцруулдаг хууль үйлчилж байна. Эмнэлэгт очоод мөнгөгүй учраас үх гэдэг хариулт сонсохгүйн тулд өнөөдрөөс хамтдаа хичээж, хамтдаа тэмцэх хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө