СОНИН ХАЧИН: Эргэж амилахаа хүлээж буй “Криоген”-ийн аргаар хөлдсөн 250 орчим хүн байна

СОНИН ХАЧИН: Эргэж амилахаа хүлээж буй “Криоген”-ийн аргаар хөлдсөн 250 орчим хүн байна

Дэлхий дээр маш олон сонирхолтой шинжлэх ухаан байдаг ч одоог хүртэл бүрэн батлагдаагүй, хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн зүйл бол “криогенийн аргаар цогцсыг хөлдөөн буцаан амилуулах” явдал юм. Тодруулбал, биеийн байдал нь хүнд байгаа хүмүүсийг амьсгал хураахаас нь өмнө аливаа цогцсыг моргт хийн муутгахгүй хадгалдагтай ижил зарчмаар амжиж хөлдөөн, тэр цагаас хойш бага хэмд хадгалснаар эргэн гэсгээх үед яг тухайн үеийнхээ байдалд эргэн сэргэх боломжтой хэмээн эрдэмтэд үзжээ.

Өөрөөр хэлбэл онолын хувьд өвчнийх нь эмчилгээ олдож, шинжлэх ухааны хөгжлийн дүнд хөлдөөсөн хүмүүсийг зөв гэсгээх технологи бүтээсэн цагт тэдгээр хүмүүс эргэн амилах боломжтой гэнэ. Энэ аргын талаар “Interstellar, Aliens: Covenant” гэх мэт кинонууд дээр ч гардаг аж.

Зургийн тайлбар: Дэлхийн 1-р дайнд оролцож явсан ахмад дайчин, доктор  Жеймс Бедфорд

-ДЭЛХИЙ ДАЯАР ХҮМҮҮСИЙГ КРИОГЕНИЙН АРГААР ХӨЛДӨӨДӨГ ДӨРВӨН БАЙГУУЛАМЖ БАЙДАГ БӨГӨӨД 2014 ОНЫ БАЙДЛААР 250 ОРЧИМ ХҮН ТУС АРГААР ХӨЛДЖЭЭ -

Тус аргыг 1954 оноос эхлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд хамгийн анх дээрх аргаар хөлдөөсөн үрийн шингэнийг ашиглан гурван эмэгтэйд үр тогтоож байжээ. Үүнээс хойш зарим хүмүүс тархи болон, бэлэг эрхтнээ хөлдөөх туршилтанд ч оролцсон байна. Мөн энэ аргын талаар хамгийн анх Мичиганы профессор Роберт Эттингер "Үхэшгүй байдлын хэтийн төлөв (1962)” номондоо шинжлэх ухааны үүднээс тайлбарлан бичсэн байна. Криогенийн аргад ихэвчлэн −130°С-ээс доош температурыг ашигладаг бөгөөд крионик хадгалалтын анхны оролдлогыг 1960 онд хийж байсан ч бүтэлгүйтэж цогцсуудыг гэсгээн хаяж байжээ. Харин үүний дараагаар амжилттай болсон нэгэн цогцос нь дэлхийн 1-р дайнд оролцож явсан ахмад дайчин, доктор  Жеймс Бедфордынх ажээ.

2014 оны байдлаар АНУ-д 250 орчим хүний цогцсыг криогенийн аргаар хадгалалтад авсан бөгөөд 1500 гаруй хүн цогцосоо крио хадгалалтад оруулахаар бүртгүүлсэн гэсэн тоо баримт бий. Мөн 2016 оны байдлаар дэлхий даяар криогенийн аргаар цогцос хадгалах үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн байгууламж байдгаас гурав нь АНУ-д, нэг нь ОХУ-д байдаг аж.

Эдгээрээс хүмүүст хамгийн их танигдсан нь АНУ-ын Аризона мужийн цөлд, Финикс хотын ойролцоо байрлах “Alcor Life Extensions” сан юм. Энэ байгууламжид нийт 146 хүний хөлдөөсөн цогцос хадгалагдаж байдаг. Мөн энэ аргын зардал маш өндөр байдаг тул ихэвчлэн баячууд л ойр дотны хүмүүсээ криогенийн аргаар хөлдөөжээ. Тухайлбал, хөлдөөх үйл ажиллагаа гэхэд л дангаараа 200 мянган ам.долларын өртөгтэй агаад түүн дээр хадгалах зардал нэмэгддэг байна.

Мөн энэ төрлөөр үйл ажиллагаа явуулдаг компаниудын удаан оршин тогтнох магадлал тун бага байдаг ба олон жилийн туршлагатай, түүхэндээ алдартай компаниуд л өнөөг хүргэжээ. 1973 оны байдлаар нэлээн хэдэн ийм төрлийн компани байсан ч ихэнх туршилтууд нь бүтэлгүйтэж, хадгалагдаж байсан цогцосуудаа гэсгээн хаяж байжээ. Мөн ихэнх нь туршилтаа үргэлжлүүлэх мөнгөгүй болсны улмаас гэрээ хийгээгүй хүнийхээ биеийг хөлдөөж шүүхэд дуудагдаж байсан тохиолдол ч гарч байжээ.

-ИХЭНХ ЭРДЭМТЭД ЭНЭ АРГЫГ ХУУРАМЧ ШИНЖЛЭХ УХААН ГЭЖ ҮЗДЭГ БӨГӨӨД ЭНЭ ТАЛААРХ АСУУДАЛ ОДООГ ХҮРТЭЛ МАРГААНТАЙ ХЭВЭЭР БАЙНА-

Энэхүү аргыг ихэнх эрдэмтэд шинжлэх ухаан хэмээн хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өнөөг хүртэл маргаантай сэдэв байсаар иржээ. Ерөнхийдөө ихэнх хүмүүс үүнийг хуурамч шинжлэх ухаан гэж үзсээр байна. Хүн төрөлхтний өнөөгийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд зөвхөн эс, эд, зарим жижиг эрхтнүүдийг криогенийн аргаар хадгалаад буцааж ашиглах боломжтой байдаг байна. Харин крионикийг дэмжигчид нь онолын хувьд өвчнийх нь эмчилгээ олдож, шинжлэх ухааны хөгжлийн дүнд хөлдөөсөн хүмүүсийг зөв гэсгээх технологи бүтээсэн цагт тэдгээр хүмүүс эргэн амилах боломжтой гэдэгт итгэсээр байгаа ба хүний тархи амьд үлдэх эсвэл ой санамжаа хадгалахын тулд тасралтгүй идэвхтэй байх албагүй гэсэн үндсэн ойлголттой байдаг аж.

Харин энэ аргыг дэмждэггүй эрдэмтдийн зүгээс “физик, хими, молекулын шинжлэх ухааны хуулиудыг хүчээр хэт эргүүлэхийг оролдож байгаа тул криогенийн аргаар хүн буцаж амилах ямар ч боломжгүй” гэсэн дүгнэлтийг хэлдэг байна. Мөн хүний бие дэх ус буюу эсийн шингэнүүд хөлдөхдөө эс, эдээ гэмтээдэг тул хүн гэссэн ч дахин амьдрах боломжгүй, тархины мэдрэлийн сүлжээ гэмтэж, ажиллагаагүй болдог гэжээ. Үүнээс гадна хөлдөөд гэссэн хүний биеийн тулгуур эрхтнүүд хугарч унах аюултай байдаг байна. Ихэнх улс орнууд эрүүл мэндийн хуулийнхаа дагуу амьд хүнийг мөс болгон өөрчлөхийг хориглодог тул хадгалагдсан хүмүүсийг нас барсан хүн гэж хууль ёсоор үздэг аж. 2015 онд энэ аргаар хөлдсөн хамгийн анхны ази хүн бүртгэгдэж байжээ. Тодруулбал, БНХАУ-ын хүүхдийн уран зохиолын алдартай эмэгтэй зохиолч, Ду Хун 61 настайдаа толгойгоо криогенийн аргаар хадгалуулж байсан байна.