С.Амарсайхан: Манай улс коронавирусийн мутацид орсон хувилбарыг илрүүлэх лабораторитой боллоо

С.Амарсайхан: Манай улс коронавирусийн мутацид орсон хувилбарыг илрүүлэх лабораторитой боллоо

Манай улс  коронавирусийн мутацид орсон вариантыг тогтоох лабораторигүй байсан. Тиймээс Япон, Солонгос зэрэг гаднын улс руу дээж явуулан шинжлүүлдэг байсан билээ. Харин ХӨСҮТ-ийн дэргэд Sars Cov-2-ын вирусийн мутацид орсон хувилбарын генийн дарааллыг тогтоох лаборатори нээсэн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Манай улс гаднын улс орноос ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлах байранд, долоо хоног гэрийн ажиглалтад тусгаарлаж байгаа. Мөн лабораторийн мэргэжилтнүүдийг сургах, бусад нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авч ажиллаж байна. ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн гурван вируслогч эмч, судлаач Sars Cov-2-ын вирусийн мутацид орсон хувилбарын генийн дарааллыг тогтоох технологийг нэвтрүүлэх ажлаар Япон улсад очиж ажиллаж, сургалтад сууж ирээд эх орондоо ажиллаж байна. Мөн ДЭМБ болон Австрали улсын Засгийн газрын дэмжлэгээр ХӨСҮТ-ийн Вируслогийн төвд вирусийн бүрэн генийн дараалал тогтоогч төхөөрөмж бүхий иж бүрэн лаборатори байгуулах ажил эхлээд явж байна.

-70-80 хэмд хөлдөөгч биологийн аюулгүй ажиллагааны хоёрдугаар зэрэглэлийн кабинет, sequence data мэдээлэл боловсруулах өндөр хүчин чадалт компьютер хүлээн авч, лабораторийн үйл ажиллагааг жигдрүүлэх бэлтгэл ажлыг хангасан.

ХӨСҮТ-д байгаа уламжлалт sequence машиныг ашиглан Sars Cov-2-ын гадаргуугийн S уургийн генийн хэсэгчилсэн sequence-ыг тогтоох ажлыг хийж байна. Англи, Энэтхэг улсад илэрсэн мутацийг илрүүлэх, тандах ажлыг хийж байна. Мөн PCR шинжилгээг sequence шинжилгээгээр баталгаажуулах ажлууд хийж байна” гэлээ.

Коронавирусийн мутацид орсон хувилбар Турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Англид бүртгэгдсэн коронавирусийн мутаци манай улсад орж ирсэн гэж үзсэн юм. Дашрамд дурдвал, коронавирусийн мутацид орсон хувилбар 137, Өмнөд Африк хувилбар 85, Бразил хувилбар 52 дэлхийн улс, оронд бүртгэгдсэн байна.