“МИСО РАМЕН”-ЫН ЗАХИРАЛ: Залуучуудын нэгдэл ганц манайх гэлтгүй олон рестораныг хаагдахаас аварсан

“МИСО РАМЕН”-ЫН ЗАХИРАЛ: Залуучуудын нэгдэл ганц манайх гэлтгүй олон рестораныг хаагдахаас аварсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын “заалаар үйлчлэхийг хязгаарласан шийдвэрээ дахин сунгах болсон гэж УОК-оос энэ долоо хоногт мэдээлсэн. Иймд Takesan / Мисо Рамен/ ресторан “УОК-ийн шийдвэрийг цаашид дагах боломжгүй. Иймд өнөөдөр /2021.06.24/-өөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн юм.

Харин дээрх үйлд явдалд олон аж ахуйн нэгжүүд нэгдэж, “УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж эхэлсэн бол, олон нийтийн сүлжээнд томоохон хөдөлгөөн өрнөсөн билээ. Энэхүү үйл явдалд ач холбогдол өгч буй иргэдийн дийлэнх нь залуучууд байсан бөгөөд тэд өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалж буйгаа илэрхийлж, Takesan рестораны гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, оочирлож зогссон байв.

Тэдний ярьж буйгаар “Бид зөвхөн ресторан, кофе шопоор үйлчлүүлэхдээ гол нь биш өөрсдийн эрх чөлөөний төлөө зогсож байна. Өнөөдөр олон хоолны газрын үйл ажиллагаа зогсож, ард иргэдийн болон улсын эдийн засаг хүнд нөхцөлд ороод байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газар болон төрийн буруу шийдвэрээс болж эрхээ боогдуулж байгаа хүмүүсийн төлөө иймэрхүү арга хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлж байна” гэсэн юм. Гэтэл тус өдөр /2021.06.24/-ийн орой Нийслэлийн онцгой комисс /НОК/ яаралтай хуралдаж энэ зургадугаар сарын 25-наас хоёр тундаа хамрагдсан иргэд ресторан, кофе шоп, хоолны газраар үйлчлүүлж болно гэсэн шийдвэрийг гаргасан.

Иймд бид уг өдөр Takesan / Мисо Рамен/ ресторанд юу болсон талаар тодруулахаар “Мүгэн фүүдс” ХХК-ийн харьяа “Мисо Рамен” рестораны захирал Л.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.

Л.Бямбасүрэн

-Сайн байна уу? Өчигдөр буюу зургадугаар сарын 24-ны өдөр танай ресторан фейсбүүк хуудаснаа УОК-ын шийдвэрийг мөрдөж чадахгүй тухай мэдэгдэл гаргасан шүү дээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тухайн өдөр Улсын онцгой комиссын шийдвэрийг сонсоод нэлээд бухимдсан л даа. Яг надтай адил олон газар тийм байдалд орсон байх. Манай рестораны хувьд үйл ажиллагаагаа эхлээд дөнгөж хоёр жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас найман сард нь бараг үйл ажиллагаа явуулаагүй. УОК, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг хүндлээд бид байдгаараа л болгох бүх арга хэмжээг авсан ч сая үнэхээр тэссэнгүй. Манайх хаагдахдаа хүртэл тулсан учраас энэ мэдэгдлийг гаргасан юм.

-Залуучуудын зүгээс нэлээдгүй дэмжиж байгаа харагдсан шүү дээ. Энэ талаар таны сэтгэгдлийн сонсъё?

-Манай орчин үеийн залуучууд үнэхээр өөр болсон нь мэдэгдэж байна. Аливааг зөв талаас нь харж, эерэг хандлагыг түгээж байгаа нь үнэхээр бахархууштай. Манай рестораны зүгээс энэ мэдэгдлийг гаргахдаа тодорхой хэмжээгээр хүмүүс дэмжих байх гэж бодсон ч саяных шиг ийм том хэмжээнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Нэг талдаа үнэхээр айсан ч нөгөө талдаа баярласан.

-Энэ цар тахлын үед үйлчлүүлэгчгүй байхаас авахуулаад зөндөө л хүндрэл бэрхшээл гарсан байх. Энэ талаараа хуваалцаач?

-Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс ажилчдаа бодсон ч улсынхаа эдийн засгаа бодсон ч тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионоос болж амьдралаа авч явахад улам хэцүү болгохгүй байх асуудал гарсан. Манай энэ ресторанд л гэхэд 20 гаруй ажилтантай, харин бууз банш гэх мэт зүйлсийг хийдэг ажилчидтай нийлбэл 60 гаруй хүн байна. Эдгээр ажилчдынхаа итгэл найдварыг хүлээж авчхаад цомхтгох, цалингийн хасах, заримдаа өгөхгүй тохиолдол ч гарах эрсдэл гарсан. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд бид бас л нэлээн хүнд байдалд орчихсон байдалтай байсан. Энэ үеүдэд л нэлээдгүй хүнд байсан даа. Тэгээд үйл ажиллагаагаа эхлээд жигдрэх шатандаа явж байхад л  дахиад хөл хорио тогтоочихдог гэх мэт асуудлаас болоод нэлээн алдагдалтай ажилласан. Хүргэлтээр ашиг олно гэж үнэхээр байхгүй шүү дээ.

-Өдөрт ойролцоогоор хэдэн хүн үйлчлүүлж байна?

-Манайд ойролцоогоор хамгийн багадаа 150 гаруй хүн үйлчлүүлдэг. Дийлэнх нь залуучууд эзэлдэг. Тиймдээ ч манай залуучууд биднийг илүү ойлгосон юм болов уу гэж бодсон. Гэхдээ олон аж ахуйн салбарууд хүчээ нэгтгэж дуу хоолойгоо хүргэсэн учраас бас дээшээ хүрсэн болов уу. Мөн залуучууд маань дуу хоолойгоо хүргэж биднийг дэмжсэн учраас ганц манай байгууллага гэлтгүй өөр олон аж ахуйн нэгжийг хаагдахаас аварсан гэж бодож байна. Үнэхээр талархсанаа илэрхийлмээр байна.

-Тус өдөр Цагдаагийн хэсэг алба хаагчид болон Мэргэжлийн хяналт ирж үйл ажиллагааг нь зогсооно гэсэн асуудал гарсан. Үүнд ямар арга хэмжээ авсан байна вэ?

-Тухайн өдөр бид мэдэгдэл гаргаад нэлээдгүй олонд хүрч байхад мэргэжлийн хяналт болон цагдаагийн алба хаагчид ирээд зөрчлийн хуулиар торгоно, эрүүгийн хуулиар шийтгэнэ, цаашлаад үйл ажиллагааг чинь зогсоож лацадна, битүүмжилнэ гээд манай рестораны үйл ажиллагаа хариуцсан менежерийг баривчлан авч явсан. Өглөө авч яваад орой 16 цаг орчим сулласан. Тэгсэн ч бид үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ дахин мэдэгдсэн. Манайд ирж дэмжиж дугаарлаж зогсох хүмүүсийн 90 хувь нь 20-30 насны залуучууд байсан. Гэхдээ гадаа хүлээж зогсохдоо бүгд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байгаа нь ажиглагдсан. Мөн хэвлэл мэдээллийн ажилчид болон олон дэмжигчдийн ачаар манайх хаагдахгүй ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр шийдэгдсэн.

-Нөгөө талаас халдвар хамгааллын дэглэмийг хоолны газрын үйлчилгээний байгууллагууд хамгийн их зөрчиж, ковид ихсэх болсон шалтгаан гэж үзээд байгаа шүү дээ. Таны бодлоор?

-Зарим иргэд ч гэхгүй төр засгийн шийдвэр л ингэж тооцоолж гаргаж ирээд байгаа юм. Халдварын тоо ихэссэн нь хоолны газраас болсон гэж үзээд хязгаарлалт тогтоож байгаа нь үнэхээр оновчгүй. Үнэхээр ард иргэдээ тэгж бодсон бол сонгууль, одон гардуулалт, найр наадам гэх мэт зүйлс дээр хяналт тавьж хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх орчинг бүрдүүлж өгөх байсан атал энэ төр засгийн хариуцлагагүй үйлдлийг бидэнд тохож байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Тэгсэн ч эцсийн үр дүнд нь бидний төлөөллийг хүлээн авч уулзан үйл ажиллагааг эхлүүлэхээр болсонд туйлын баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа.

 




Өнөөдөр нохой өдөр

31 минутын өмнө