ВИДЕО: У.Хүрэлсүх тангараг өргөхдөө “Үндсэн хуульд заасан тангаргийн үг”-ийг ӨӨРЧИЛЖ, НЭМЖ хэлжээ

ВИДЕО: У.Хүрэлсүх тангараг өргөхдөө “Үндсэн хуульд заасан тангаргийн үг”-ийг ӨӨРЧИЛЖ, НЭМЖ хэлжээ

Өчигдөр /2021.06.25/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, үүрэг ажилдаа орлоо. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 32.1-д “Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан байдаг.

Харин У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх төрийн ёслолын арга хэмжээг Үндсэн хуульд нийцүүлж, УИХ-аас баталж өгсөн. Тухайлбал, “Тангараг өргөх ёслол”-ын 2.7-д “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч индэрт гарч Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээ дээдлэн дуудаж …” гэж заажээ.

Тэгвэл Үндсэн хуулийн 32.2-д “Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заажээ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөхдөө Үндсэн хуульд заасан тангаргийн зарим үгийг өөр үгээр орлуулж хэлсэн байна. Тодруулбал, тэрээр “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая” хэмээжээ.

Тодруулбал, тэрээр Үндсэн хуульд заасан “Ард түмнийхээ” гэсэн үгийг Монголын ард түмний, “Ерөнхийлөгчийн” гэсэн үгний урд Монгол Улсын гэсэн үг нэмж, “Биелүүлэхээ” гэсэн үгийг Гүйцэтгэхээ гэсэн үгээр хэлсэн байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ёсоор бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийн өргөж буй тангараг маш чухал. Учир нь тэд тангаргаасаа няцвал огцрох үндэслэл болох юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 35.2-д “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасан байдаг.

ВИДЕО: Үндсэн хуулиар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дараах цөөн тооны эрх мэдэл оногдож байгаа юм.

 

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг Ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр ч удаа дарааллыг андуурсан тохиолдол гарсан. Мөн түүнийг зарим хэвлэлд УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн овгийг буруу дуудаж Халтмаагийн Хүрэлсүх хэмээн дуудаж алдаа гаргасан гэж буй юм.

Шог зураач С.Цогтбаатарын бүтээл. 2021.06.26