Х.Баттулгад “бууны нохой” гэж доромжлуулж байсан Д.Дамба гуай “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулжээ

Х.Баттулгад “бууны нохой” гэж доромжлуулж байсан Д.Дамба гуай “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө төрийн дээд одон медалийг олон иргэдэд олгосон. Тэрээр өчигдөр /2021.06.25/ У.Хүрэлсүхийг тангаргаа өргөхийн өмнөхөн ч иргэд болон Төрийн бус байгууллагыг шагнаж урамшуулсаар байв.

Тухайлбал, Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ыг “Монгол Улсын баатар” цолоор шагнасан бол, Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба гуайг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” медалиар шагнажээ.

Сонирхуулахад, 2014 онд Х.Баттулга “Төмөр замын царигийн асуудал”-аар Д.Дамбагуайтай ярилцлагад оролцох үеэрээ “Би энэ бууны нохойнуудтай юугаа ярьдаг юм” хэмээн уурлаж, эфирийг орхисон тухайн үед олны анхааралд орж байв.

Тус нэвтрүүлгээс Х.Баттулгын рейтинг өсөж, Д.Дамба гуай зарим иргэдийн дунд муу нэртэй үлдэж байв.

Харин Д.Дамба гуай 7 жилийн өмнө болсон дээрх үйл явдлын талаар саяхан хэвлэлд өгсөн тайлбартаа, “Нэвтрүүлэг бүү хэл “Та ийм хүн /Х.Баттулга/-тэй хамт ярилцлаганд орно” ч гэж хэлээгүй. Мэргэжлийн түвшинд, цэвэр эдийн засгийн утгын яриа хөөрөө өрнөнө гэж ойлгосон учраас “Төмөр замын царигийн талаар яриа авъя” гэсэн хүсэлтэд нь зөвшөөрсөн юм. 

Харин энгийн иргэдэд бол Дамба гэж хятад хүн л Хятадын бодлогыг хэрэгжүүлэх гээд байна гэсэн хандлагыг төрүүлэхээр өнгө аястай нэвтрүүлэг болсон байна лээ. Би Монголдоо төрж өссөн, эх орондоо хайртай жирийн л нэг иргэн нь. Х.Баттулгыг уурлаад гарсны дараа намайг Го.Бадарч гаргаж өгсөн юм. Тэр үедээ “Үнэхээр уучлаарай. Би энэ нөхрийг 17 чингэлэг спиртийн хэргээр будаа болгож байсан болохоор их өширхдөг шиг байгаа юм. Тэгээд л уурлаад явчих шиг боллоо” гэж хэлсэн” хэмээн өгүүлсэн байдаг.