Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч ажилчдын цалинг шамшигдуулсан байж болзошгүй байна

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч ажилчдын цалинг шамшигдуулсан байж болзошгүй байна

Сүүлийн үед цар тахалтай холбоотой аль ч аймгийн нэгдсэн эмнэлгүүд ачаалалтай байгаа бөгөөд эмч нар туйлдаа хүрээд байна. Тэгвэл Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага зургадугаар сар дуусах дөхөж байхад ажилчдынхаа цалинг нэмэх байтугай үндсэн цалинг ч олгоогүй өдийг хүрчээ. Энэ нь ганц удаагийн хэрэг биш бөгөөд урьд өмнө нь ийм асуудал гарч байсан тухай эмч, ажилчид хэлсэн юм.

Уг нь ЭМЯ-ны зүгээс эмнэлгийн ажилчдаа бодолцож цалингийн нэмэх асуудал саяхнаас биш нэлээн өмнөөс л хэрэгжиж явагдсан атал Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг эмч ажилчдынхаа цалинг тогтоож чадахгүй байгаад тус эмнэлгийн ажилчид аймгийнхаа засаг дарга болон эрүүл мэндийн газрынханд мэдэгдэл хүргэсэн юм байна.

Тус мэдэгдлийн дагуу нэгдсэн эмнэлгийн санхүүгийн алба болон нягтлан бодогч нартай уулзан тодруултал, “Нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа энэ сарын цалинг тавьж чадахааргүй хэмжээнд хүрсэн” гэсэн дүгнэлт гарсан байх юм.

Уг нь өнгөрсөн жилийн наймдугаар сард Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат Эрүүл мэндийн сайдтай уулзаж аймгийн нэгдсэн эмнэлэгт 500 гаруй сая төгрөгийн өрийг шийдвэрлүүлж, эмч, ажилчдын тоог 10-аар нэмэгдүүлсэн гэх. Мөн эмнэлэгт шаардлагатай гэгдэх тоног төхөөрөмжөөр ч хангасан байх юм.

Гэсэн атал ажилчдын цалинг өгч чадахгүйд хүрнэ гэдэг эмнэлгийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэн шалгалт хийж, хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Мөн тус эмнэлгийн удирдлага болон санхүүгийн албанд ажилчдын зүгээс ямар нэг гомдол санал ирүүлбэл тухайн ажилчнаа гадуурхдаг учраас гомдол мэдүүлж зүрхлэх хүн ховор гэжээ. Иймд тус эмнэлгийн удирдах албанд мөнгө идэхээс гадна харилцааны тал дээр доголдолтой гэж үзэн сайтар шалгахыг анхааруулж байна.