ВИДЕО: Сэтгүүлчийн биед цагдаа халдсан бичлэг “ЭВЛҮҮЛЭГ” гээд хэргийг хаажээ

ВИДЕО: Сэтгүүлчийн биед цагдаа халдсан бичлэг “ЭВЛҮҮЛЭГ” гээд хэргийг хаажээ

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй боломжгүй гэсэн Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд өнгөрсөн тавдугаар сарын 5-11 ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан.

Тэднийг өлсгөлөн зарлаад хэд хоносны дараа УИХ-ын гишүүн Г.Занданшатар эргэж очиж уулзсан. Энэ үеэр Сүхбаатарын талбайн ойролцоо хамгаалалтад гарч, үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаагийн биед халдаж, түлхэж унагасан хэрэг гарсан.

ВИДЕО ҮЗЭХ:

-ШШҮХ: БИЧЛЭГИЙГ ЭВЛҮҮЛЭГ ГЭЖ ҮЗЭН ГЭМТЛИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТАД НӨЛӨӨЛӨХГҮЙ ЦААШЛААД ЦАГДАА СЭТГҮҮЛЧИЙН БИЕД ХАЛДСАН НЬ ТОГТООГДООГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Тодруулбал, тухайн үед сэтгүүлч Г.Гэрэлмаа УИХ-ын дарга Г.Занданшатар болон гишүүдийн уулзалтыг сурвалжлахаар Сүхбаатарын талбайн баруун талд явж байж. Гэтэл түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулж “Г.Занданшатар даргын уулзалт эхлээд удаж байна. Одоо та бүхэн амжихгүй. Ярилцлага авах хэрэггүй. Та нарыг оруулж болохгүй гэдэг чиглэл дээрээс ирсэн” гэж хэлжээ.

Харин сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хэвлэлийн эрх чөлөөг сануулж, Г.Занданшатар даргын уулзалтыг сурвалжлах эрхтэй хэмээн төв талбай руу нэвтрэхийг хүсэхэд цагдаагийн алба хаагч түлхэж, түүнийг газарт унагасан гэж буй. Энэ бол маш ноцтой үйлдэл бөгөөд хоёр хүний маргаан гэхээсээ илүүтэй цагдаагийн ажилтан хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэнд халдаж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.

Цаашлаад цагдаагийн ажилчид хүч хэрэглэж, хүний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчих, хуулийг илт гуйвуулан ашиглаж, өөрсдийгөө хамгаалан хариуцлагаас бултаж байж болзошгүй байгаа юм. Харин өөрийг нь түлхэж унагасан асуудлаар сэтгүүлч Г.Гэрэлмаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Харин гомдлын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс түүний гэмтэлд дүгнэлт гаргасан юм. Дүгнэлтэд, “Баруун дал, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1886 тоот дүгнэлтээр тогтоогдлоо” гэжээ. Гэтэл цагдаа тус хэргийг шалгаад хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорт хүргүүлсэн бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хянаад мөн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж хаасан байгаа юм.

Ингэхдээ дараах зүйлсийг үндэслэл болгожээ.

ҮҮНД:

  • НЭГДҮГЭЭРТ, Г.Гэрэлмааг түлхэн унагаж буй бичлэг тухайн үед “Зөв.мн” сайтын камерт бичигдсэн. Уг бичлэг нь засвар эвлүүлэг хийгдсэн байх тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй.
  • ХОЁРДУГААРТ, Цагдаагийн алба хаагчид сэтгүүлч Г.Гэрэлмаагийн биед халдсан болох нь тогтоогдохгүй, бусдын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учраагүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзжээ.

Иймд сэтгүүлч Г.Гэрэлмааг дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй бөгөөд үүнийг ч прокуророос хүлээн зөвшөөрч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн байгаа юм.

-Г.ГЭРЭЛМАА: ЦАГДАА НАДААС БАЙЦААЛТ АВАХ ҮЕЭРЭЭ НУУЦААР БИЧЛЭГ ХИЙЖ БАЙГААД БАРИГДСАН-

Бид уг асуудлаар сэтгүүлч Г.Гэрэлмаагийн байр, суурийг сонслоо.

-Уг хэргийг сар гаруйн хугацаанд шалгахдаа танаас хэдэн удаа мэдүүлэг авсан бэ?

-Нэг л удаа дуудаж мэдүүлэг авсан. Хоёр дахь удаагаа дуудахдаа хэргийг хааж буйг мэдэгдээд дүгнэлтийг гардуулах гэсэн. Тухайн үед нь би дүгнэлтийг авахаас татгалзсан. Дүгнэлтийг хувилж надад өгөх ёстой байтал өгөөгүй. Тиймээс би зургийг дарах гэтэл цагдаа гарыг минь мушгиж гар утсыг булааж авсан. Яг энэ үйлдлийнхээ араас нууцаар бичлэг хийж байгаад манай өмгөөлөгчид баригдсан. Бид бичлэг хийсэн шалтгааныг асууж, устгахыг шаардахад устгасан. Тухайн үед хүнд хэлэмгүй, ёс бус үйлдлүүд их болсон. Цагдаа хаалганы цаана ч миний биед халдсан. Мөн миний гаргасан гомдлын дагуу уг хэргийг шалгахдаа гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Уг нь хэрэг гарах үед надтай хамт хэвлэл, мэдээллийн хэрэгслийн олон аижлтан хамт байсан шүү дээ.

Маш хурдан, маш ойлгомжгүй байдлаар бүр шударга бусаар уг хэргийг хаасан гэж би хардаж байгаа. Тэр бүү хэл хэргийг хааж буй дүгнэлтийг надад танилцуулахдаа “Та “Зөв.мн” сайтынхантай үгсэн хуйвалдаж цагдаагийн нэр хүндэд халдаж, үйл ажиллаанд нь саад учруулахын тулд бичлэгийг эвлүүлсэн” гэж хэлсэн. Мөн миний биед мохоо зүйлээр гэмтэл учруулаагүй учраас гэмтэл биш гэж үзэж буйг хэлсэн. Эвлүүлэг байх ямар ч боломжгүй. Бас хэргийн газарт намайг байгаа эсэхийг тогтоогоогүй гэсэн. Ингээд цагдаагийн газраас хэргийг хаасэн. Дүгнэлтийг надад гардуулж өгөлгүйгээр прокурорт шилжүүлсэн байна лээ. Прокурор шалгаж үзээд мөн л дээрхтэй адил дүгнэлт гарган хэргийг хаасан.

-Та Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт гомдол гаргасан уу. Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хандах бодол бий юу?  

-Хэвлэлүүд Сүхбаатарын талбайд ажиллаж болохгүй гэдэг шийдвэрийг Улсын онцгой комиссоос тухайн үед гаргаагүй байсан. Гаргасан бол бас л ноцтой шүү дээ. Нэгэнт Улсын онцгой комиссоос ийм шийдвэрийг гаргаагүй учраас бид Сүхбаатарын талбай руу нэвтэрч мэдээ бэлтгэх эрхтэй. Гэтэл цагдаа саатуулж “Та нарыг оруулж болохгүй гэсэн. Дээрээс ийм чиглэл ирсэн” гэж хэлэхээс өөр тайлбар хэлээгүй. Дээрээс ирүүлсэн чиглэл, тушаалаа танилцуул гэхээр юу ч үзүүлж чадаагүй. Улмаар сэтгүүлчийн биед халдсан. Тэгэхээр цагдаагийн тавьсан шаардлага үндэслэлгүй гэсэн үг. Яг өмнөх өдрийнх нь шөнө би мөн Сүхбаатарын талбайд ажиллаж яваад ажлын үнэмлэхээрээ хоолойгоо боолгуулсан. Цагдаа боосон. Тухайн үед Н.Алтанхуяг тэргүүтэй өлсгөлөн зарлаж буй гишүүдийн майхан, эсгий, зуух зэргийг цагдаа нар авч зугатсан үйл явдал болсон. Энэ үйл явдлыг сурвалжилж байх үед нэг цагдаа намайг ажлын үнэмлэхээр минь боосон.

Харанхуй шөнө байсан учир би цагдаагийн царайг тогтоож харж чадалгүй өнгөрсөн. Гэтэл маргааш нь дахин биед халдсан үйлдэл болсон нь энэ. Энэ бол ганц сэтгүүлч Г.Гэрэлмаагийн асуудал биш. Монголын хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал. Цагдаагийн алба хаагч цагдаагаа өмөөрөөд хүний эрхийн эсрэг ажилласан зөрчлөө хамгаалж хаацайлж болохгүй шүү дээ. Энэ бол асуудал хүндэрч буйг илтгэж байна. Тэр бүү хэл Сүхбаатарын талбайн ойр орчмын камер намайг түлхэж унагах үед ажиллагаагүй болсон гэж цагдаагаас мэдэгдсэн. Би талбай тойрсон камерын бичлэгийг шүүж нотлох баримтаар хавсаргах хүсэлт гаргасан.

Учир нь Зөв.мн сайтын камерт бичигдсэн бичлэгийг шаардлага хангахгүй гэсэн. Тийм учраас Сүхбаатарын талбай орчмын камерыг шалгая гэхэд ийм хариулт хэлж байна. Энэ үнэхээр гайхалтай. Ерөнхийдөө уг хэрэг цагдаатай холбогдож буй учир тусгай сүбьектийг шалгах хэлтэст шалгагдсан. Ингэхдээ Дотоод хяналт, аюулгүй байдлын газар давхар шалгадаг юм байна лээ. Би уг хэргийг шударгаар шийдэгдэх хүртэл тууштай явна. Сэтгүүлчийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудлыг шүүх шударгаар шийдэх эсэхийг харна. Би Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Глоб интернэшнл зэрэг байгууллагад хандана.

-Тэгэхээр та дахин гомдол гаргаж хэргийг эхнээс нь шалгуулах хүсэлттэй байгаа юм байна. Тийм үү?

-Би дахин прокурорт гомдол гаргаж хэргийг шалгуулна. Шүүхийн шатанд очтол нь хандана. Дахин хэлэхэд, энэ ганц сэтгүүлч Г.Гэрэлмаагийн асуудал биш. Манай салбарын асуудал.