ХУУЛЬ: Сэжигтэй иргэнийг зогсоож шалгатал “хоёр хүний амь насыг хөнөөсөн” этгээд явж байжээ

ХУУЛЬ: Сэжигтэй иргэнийг зогсоож шалгатал “хоёр хүний амь насыг хөнөөсөн” этгээд явж байжээ

Цагдаагийн албаны тухай хуулийн 25.4-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа шаардсан бол иргэн бичиг баримтаа шалгуулах, эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн огноог хэлэх үүрэгтэй” гэсэн байдаг.

Тэгвэл хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020 оны есдүгээр сард Улаанбаатарт хотод цагдаагийн албан хаагчид “нэгэн сэжиг бүхий залуу”-д дээрх шаардлагыг тавьж, шалгаад хүний санаанд багтамгүй, хүн амины хэргийг илрүүлж байжээ.

-“ЦАГДАА ХАРААД САНДАРЧ” БУЙ СЭЖИГТЭЙ ЗАЛУУГ ЗОГСООЖ ШАЛГАЖЭЭ-

Цагдаагийн албан хаагч Б, Э нар 2020 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10:00 цагийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа, “цагдаа хараад сандарсан” байдалтай, сэжиг бүхий 30 орчим насны залуу алхаж явахыг хараад, шаардлага тавьж бичиг баримтын шалгаж, регистрийг нь асуусан байна.

Гэтэл тус 30 орчим насны залуу цагдаагийн алба хаагчдын өөдөөс нь хараад “аав, ээж” гэж амандаа бувтнасан байна.

Ингээд цагдаагийн алба хаагчид юу болсон талаар тодруулахад “Би хойд аав, ээж хоёроо алчихлаа” хэмээжээ. Ингээд тус залууг тэд баривчилж дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст авч ирсэн байна. Тодруулбал, Яллагдагч Э нь цагдаад “Хойд аав болон төрсөн ээж нь өөртэй нь дээрэнгүй харьцаж, дарамталлаа” гэх шалтгааны улмаас хөнөөсөн болон цогцсууд хаана байгаа талаар бүгдийг хэлсэн байна. Тэрээр 2020 оны наймдугаар сарын 26-нд өөрийн төрсөн ээж болон хойд аавынхаа амь насыг нь онц ноцтой аргаар хөнөөж цагдаад мэдэгдэлгүй 10 хоносон байжээ. Мөн тэрээр үүний дараа ээжийнхээ гар утас болон бусад эд хэрэгсэл, банкны картыг нь ашиглаж 915 мянган төгрөгийг хууль бусаар хулгайлсан нь тогтоогдсон байна.

-ХОЙД ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ МАРГАЛДСАНЫ УЛМААС ТЭРЭЭР АРХИ УУЖЭЭ-

Дээрх хэргийн шалтгаан мөн л архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн байж болзошгүй байгаа юм. Учир нь хэрэг гардаг өдөр яллагдагч Э гэр бүлийн маргааны улмаас архи уужээ. Ингээд удалгүй гэртээ эргэн орж хойд аав болон ээжтэйгээ дахин маргалдаж тэдний амь насыг хөнөөсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Мөн тэрээр хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “ээж, хойд аав хоёрыг алах ямар ч санаа зорилго байгаагүй. Би гэртээ байж суухын аргагүй дарамтад орсон. Тухайн үед цагдаа дээр очиход сэтгэл зүй бэлэн биш байсан. Ямар ч байсан мөнгө хэрэгтэй гэж бодоод ээжийн гар утас зэрэг эд зүйлийг нь авч гэрээс явсан” гэсэн утгатай зүйл ярьсан талаар эх сурвалж хэлсэн юм. Учир нь тэрээр ээжийгээ асарч хамт амьдардаг байсан ба хойд аавтайгаа таарамжгүй харилцаатай байжээ.

-ЯЛЛАГДАГЧ Э НЬ СЭТГЭЦИЙН ӨВЧИНГҮЙ ХЭМЭЭН ДҮГНЭЖ 17 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ-

Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар яллагдагч Э хэрэг явдал болсны дараа өөрийн найз дээрээ очиж “ээж, автомашинаа бас банкны картаа надад үлдээгээд, чи амьдралаа бод” гэсэн хэмээн ярьж явсан талаар эх сурвалж мэдээлжээ. Ингээд түүнийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид саатуулж шалгаснаар хүн амины ноцтой хэрэг илэрсэн байна. Шүүхээс яллагдагч Э-г сэтгэцийн ямар нэгэн өвчингүй ба үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д зааснаар шүүгдэгч Э-д хаалттай хорих ангид 17 жилийн хорих ялыг саяхан оноожээ.

Иймд иргэд та бүхэн ойр дотны хүмүүсээ архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэхгүй байхыг сануулж байх. Хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан өдөөх сэдэл бусдад төрүүлэхгүй байхыг анхааруулж байхын сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.