Уржигдар /2021-07-01/ Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт болсон хурдан морины уралдааны үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өлзийт сумын Засаг даргын мэдээлснээр "хүүд эмнэлгийн тусламж очих үед аль хэдийн амьсгал хураасан" байжээ.
Тус сумын засаг даргаас болсон явдлыг тодруулахад, "хэрэг гардаг өдөр зөвшөөрөлгүй морины сунгаа болж буйг мэдмэгцээ цагдаа болон онцгой байдлын ажилчидтайгаа цуг үйл ажиллагааг зогсоохоор очсон байна. Тэднийг осол болдог Ямаат багийн тус газар очиход их насны морьд уралдааны замд гарч байжээ. Улмаар ЗДТГ-ын машин ирж буйг харсан уяачид зугтаан морьдоо буцаасан" аж. Харин талийгаач хүүгийн унаж явсан морь уралдааны тойрогт үдэрч унасан уу, зугатаж байх замд осолдсон уу гэдгийн учир шалтгааныг одоо хүртэл олоогүй байна. Хэргийн газарт болсон үйл явдлыг дүрс бичлэгээр баримтжуулсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн ажээ.
Иймээс цагдаагаас хэргийн дүгнэлтийг бүрэн гүйцэт гаргатал илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Харин мотоциклтой мөрдөлдөж морь нь бүдэрсэн гэдэг худал мэдээлэл гэв.
Талийгаач хүү Өгийнуур сумын харьяат бөгөөд тус сумын иргэдээс тодруулахад одоогийн байдлаар суманд тэг зогсолт хийсэн нөхцөл байдалтай байгааг хэллээ. Хүү хамаатны ахынхаа морийг унаж уралдаж байсан гэх мэдээллийг өөр нэгэн эх сурвалж өгөв. Мөн Өлзийт сум ч хатуу хөл хорионы дэглэмтэй байсан гэж буй. Сумын Засаг даргын А/76 тоот захирамжийн 10 дахь хэсэгт хурдан морины уралдаан, үсэргээн зохион байгуулахыг хориглож, багийн дарга нар, сумын уяачдын холбооны удирдлагад үүрэг болгосон байжээ. Зарим хэвлэлийн мэдээлснээр ийм нөхцөлд сумын Уяачдын холбооны төлөөлөл болон Ямаат багийн дарга хамтарч, нууцаар хурдан морины уралдаан зохион байж болзошгүй байна. Харин хүүхэд унаж эндсэний дараа дээрх хүмүүс нууцаар хамтарсан байхыг сумын засаг даргын тамгийн газар мэджээ. Нууцаар явуулсан уралдаанд 20 гаруй уяач болон унаач хүүхэд оролцсон гэх мэдээлэл бий. Тэдний 4-5 уяач нь Өгий нуур сумаас ирсэн аж.