СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автозамын урсгал сөрсний улмаас иргэн Г хөлөө тайруулж, М ялтан болжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автозамын урсгал сөрсний улмаас иргэн Г хөлөө тайруулж, М ялтан болжээ

Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлээс хөдөө орон нутгийг зорих иргэд нэмэгддэг. Энэ хэрээрээ зам тээврийн ноцтой ослууд гарч, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон олон жишээ бий.

Харин энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэх, урсгал сөрөх, зөвшөөрөгдөөгүй газар буцаж эргэх, хурд хэтрүүлэх зэрэг шалтгаанаас үүдэн гардаг байна. Тухайлбал, өнгөрөгч 2020 оны Улсын баяр наадмын амралтын үеэр иргэн М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж, урсгал сөрж Г-ын жолоодож явсан автомашиныг мөргөж нэг гэр бүлийн хоёр хүн хөдөлмөрийн чадвараа алдуулж, ноцтой гэмт хэрэг үйлджээ. Иймд бид баяр наадмын энэ өдрүүдээр иргэдийг хөдөө орон нутгийн замд явахдаа болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

-ОСЛЫН УЛМААС ХОХИРОГЧ Г ЗҮҮН ХӨЛӨӨ ТАЙРУУЛЖ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДЖЭЭ-

Одоогоос жилийн өмнө /2020.07.13/ баяр наадмаа тэмдэглэж дуусаад иргэн М Булган аймгийн Рашаант сумаас Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урсгал сөрж зам тээврийн ноцтой осол гаргаж нэг гэр бүлийн гурван хүнийг хохироосон хэрэгт холбогджээ.

Тодруулбал, иргэн М нь Булган аймгийн Рашаант сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Тарны гүүр”-ны орчимд явж байхдаа “Porter” маркийн автомашиныг урдаас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул шүүхээс М-д ял оноосон байна.

Энэхүү ослоос болж нэг гэр бүлийн хоёр гишүүн хохирсон ба хохирогч Г-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан бөгөөд их сэмжний яс тасарч, зүүн хөлөө тайруулахад хүрсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Г хуулийн байгууллагад хэрэг явдлын талаар мэдүүлэхдээ,  “Тухайн үед би жолоо барьж явсан. Явах ёстой хурдаараа л явж байсан. Гэтэл гэнэт өөдөөс жийп маягийн машин урсгал сөрөөд манай эгнээнд орж ирэн эргэх үйлдлийг хийсэн. Тухайн үед гэнэт байсан болоод ч тэр үү би машинаа зогсоож ч амжаагүй. Машины хүрдээ дагуулж баруун хөвөө рүү дарахад мөргөлдсөн. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, зам эвдрэлгүй бас машины хөл хөдөлгөөн их байсан” гэсэн утгатай зүйлийг мэдүүлжээ.

Мөн хэргийн гэрч байж болзошгүй иргэн Б хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ, “Осол хормын төдийд л болсон, би үг ч дуугарч амжаагүй. Нэг сэрээд хартал хадам аав Г ухаангүй байх шиг харагдсан. Мөн зүүн талын хөл нь шилбээрээ хугараад яс нь гараад ирчихсэн байсан. Харин хадам ээжийн зүүн талын хавирга нь хугарч, мөн зүүн талынх нь хөл бэртсэн. Миний хувьд гар хугарч доргилт үүсэж хөнгөн зэргийн бэртэлтэй гэж тогтоогдсон” гэсэн утгатай зүйлийг мэдүүлжээ.  

-ШҮҮХЭЭС М-Д ЯЛ ОНООЖЭЭ-

Хэрэгтэн М  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг, мөн хохирогч жолооч Г  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодох” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд хоёр талын байдлыг үндэслэн шүүгдэгч М-ийг бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэрэгтэн М ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1,6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Иймд иргэд хөл хөдөлгөөн ихтэй энэ өдрүүдэд хөдөө орон нутагт зорчихдоо зам тээврийн болзошгүй ослоос өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлж, дүрмээ мөрдөн явахыг анхааруулж байна.