Б.Бат-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг нь цуцлах шатахууны компаниудыг удахгүй мэдээлнэ

Б.Бат-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг нь цуцлах шатахууны компаниудыг удахгүй мэдээлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/ болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шатахууны компаниудад хийсэн шалтгалтын явцыг танилцууллаа.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран шалгалт хийсэн. Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудыг шалгаж дээрх газруудын лабораториудад шинжиллээ. Үүнээс гадна энэ удаагийн шалгалтаар 10 вагоноос дээж авсан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. Нийт 32 дээжээс 13-т нь стандарт хангаагүй зөрчил тодорхойлогдсон.

Үүнд 10 ААН зөрчилтэй гарсан. Долоон дээжид механик хольц тодорхойлогдсон. Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн.

Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Бид торгуулийг дураараа тооцдоггүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Компаниудаас доод тал нь хоёр зөрчил илэрсэн.

2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд хандаж зарим ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ ажил одоо болтол яаманд хийгдэхгүй байна. Тиймээс бид мөн албан шаардлагыг яаманд хүргүүлж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас дэлхийн зах зээлтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэхийг зөвшөөрсөн. Улмаар компаниуд ээлж дараагаараа шатахууны үнээ нэмсэн.

Мөн хуурамч шатахуун байна гэсэн мэдээлэл гадуур түгж байна. Одоогоор Монгол Улсад хуурамч шатахуун тогтоогдсонгүй. 2018 оноос хойших шалгалтын дүнг нэгтгэж байгаа бөгөөд удахгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлах компаниудыг мэдээлнэ” гэв.