Г.Ёндон: Нэгдүгээр сараас хойш ААН-үүд алдагдал хүлээж ирсэн тул шатахууны үнийг үе шаттай нэмсэн

Г.Ёндон: Нэгдүгээр сараас хойш ААН-үүд алдагдал хүлээж ирсэн тул шатахууны үнийг үе шаттай нэмсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хувьд олон арга хэмжээ авсан. 2018 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг АИ-80, АИ-92 дээр тэглэсэн. Энэ шийдвэр одоог хүртэл хэвээрээ байгаа.

Манай улсад шатахууны жижиглэнгийн үнийн 70 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг.  Хилийн үнэ өссөн тул шатахууны үнэ өслөө. ААН-үүд ямар байдалд байгаагаа ярих байх. АИ-92 бол өргөн хэрэглээний шатахуун тул бид ААН-үүдээс үнээ нэмэхгүй байхыг удаа дараа хүссээр ирсэн. Иргэдийн 60 хувь нь  вакцинжуулалтаа хийлгэсний дараа үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн юм. ААН-үүд ашиг олох ёстой. Тэд ажилчдаа цалинжуулах үүрэгтэй. Гэтэл нэгдүгээр сараас литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн.  Энэ байдал удаан үргэлжилбэл шатахууны хомстол үүсэх эрсдэл байсан тул үнийг шат дараатай нэмлээ.

Үргэлжлүүлэн АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Хэдийгээр гадаад зах зээлийн түвшинд шатахууны үнийн өсөлт гарсан ч  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-аас цаашид нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

Цаашид шатахууны үнэ харьцангуй өсөхгүй гэж харж байгаа. Учир нь олборлогч орнууд оны эцэс гэхэд нэг баррель тосны үнийг 100 ам.долларт хүргэхгүй, үнийн өсөлтөд тодорхой хэмжээний хязгаарлалт хийхийн тулд олборлолтын хэмжээг нэмэгдүүлж байна.

АИ-92 бензиний үнэ 1,450 төгрөгт он дуустал байснаараа 14 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн. Үүнд улсын төсвөөс ямар нэгэн мөнгө гаргаагүй. Шатахууны үнэ нэмэх асуудал яригдаагүй. Засгийн газрын хуралдаанд цаашид шатахууны үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээ танилцуулна" гэв.

ҮЗЭХ: