Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний хороод байгуулж цар тахлын дараах эдийн засгийн хууль боловсруулна

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний хороод байгуулж цар тахлын дараах эдийн засгийн хууль боловсруулна

Засгийн газрын маргаашийн хуралдаанаар, таван үндэсний хороо байгуулж, ахалж ажиллахаар болсон тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "Цар тахлын дараах эдийн засаг - төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт"-ын үеэр мэдэгдэв.

Тодруулбал,

  • Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлэлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
  • Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо,
  • Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо,
  • Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо байгуулах юм байна.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Үндэсний хороодын дэргэд хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн салбарын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг байгуулна. Төр, хувийн хэвшил холбогдож, бодлогоо тодорхойлох гэж цаг хугацаа алддаг. Тиймээс төр өөрийн хэмжээнд манлайлж, уялдаа холбоотой ажиллах тогтолцоог бүрдүүлнэ гэсэн агуулгаар үндэсний хороодыг байгуулж байна. Цаашдаа Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгийн хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Үүнд хэд хэдэн зүйлийг онцолж байгаа. Тухайлбал, экспортыг дэмжсэн гадаадын хөрөнгө оруулалтад давуу эрх олгоно. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчинг сайжруулж, тогтвортой байлгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хүнд сурталтай асуудалд түлхүү анхаарч ажиллана. Төрийн өмчит үйлдвэрийн газрын засаглалд анхаарч, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр реформ хийнэ. Мөн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг зарлах юм. Үүнд, уул уурхайн экспортын чиглэлийг голчилж хувийн хэвшилтэй хамтран хүндрэл бэрхшээлийг арилгах, лиценз зэргийг цахимжуулах чиглэл өгч ажиллаж байна" хэмээв.

Мөн Үндэсний хороо байгуулагдаж, цар тахлын дараах эдийн засгийн хууль гарвал, 2022 оны улсын төсөвт Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн яам байгуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тэдгээрт зөвлөгөө өгч тусалдаг төрийн захиргааны төв байгууллагатай болох юм. Мөн Худалдааны агентлаг байгуулах бөгөөд монгол орны баялгийг дэмжиж байгаа бүхий л хөрөнгө оруулагчдыг дэмжиж, мэдээлэл өгөх, эргэх холбоог сайжруулах тогтолцооны реформыг 2022 оны төсөвт суулгахаар төлөвлөж байгааг онцоллоо.