Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд байгаа учир бүтцийн өөрчлөлт хийнэ

Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд байгаа учир бүтцийн өөрчлөлт хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн үндэсний хороо байгуулжээ.

Тодруулбал,

-Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо

-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо

-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Сангийн яамнаас өнөөдөр хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан. Мөн үндэсний хороодыг өнөөдөр байгуулсан. Сангийн сайдын хувьд хоёр үндэсний хорооны дэд даргаар ажиллахаар болсон. Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Энэ үндэсний хорооны гол зорилго нь ковидын үеийн эдийн засаг томоохон зорилтуудыг давж байна. Засгийн газраас олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээр олон нааштай үр дүн гарч байна. Цаашдаа ковид нэг өдөр дуусч, дэлхий нийтээрээ ялна гэдэгт итгэл төгс байгаа. Тиймээс ковидын дараах эдийн засгийн нааштай тэлэлтүүд дээр манай эдийн засаг бэлэн байх ёстой. Тиймээс бид урьдчилж хууль эрх зүй болон төрийн захиргааны өөрчлөлтийг хийх ёстой. Тухайлбал, хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай байна. Бүх нийтээрээ хамтарч хууль гаргана" гэлээ. 

Мөн Төрийн банк болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийн нэмэлт байдлаар эрчимжүүлэх танилцуулга хийсэн. Тухайлбал, Төрийн банк өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчлэх банкны цогц үйлчилгээг явуулж ирсэн. Үүнийг цаашид улам тодорхой болгож нийгмийн дундаж орлоготой иргэдэд үйлчилдэг, бага орлоготой иргэдийг бойжуулж, шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг болно. Ингэснээр Төрийн банк нийгмийн тодорхой хэсэгт үйлчилдэг, энэ хэсэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

Хөгжлийн банк тусгай бие даасан хуультай. Өнөөдрийг хүртэл Хөгжлийн банк төслийн санхүүжилт хийж байсан. Цаашдаа Хөгжлийн банкийг экспорт, импортын чиг баримжаатай хөгжүүлэх өөрчлөлтийг дүрмийн хүрээнд хийсэн.

Тус банк нь шинээр зээл олгох нь битгий хэл чанаргүй зээлд хэрвээ алдагдлын санг байгуулах юм бол банк татан буугдах хэмжээнд байгаа. Монголбанкнаас ээлжит шалгалт хийж, активын чанарыг тодорхойлж байна. Цаашид Хөгжлийн банк Экзим банкны нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэх, дээрээс нь бидний хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ямар ч боломжгүй.

Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх хамгийн гол байгууллага нь Хөгжлийн банк байх учиртай. Тиймээс дүрмийн хүрээнд болон Хөгжлийн банканд ойрын хугацаанд хийгдэх ажил бол бүтцийн өөрчлөлт. Бүтцийн өөрчлөлт гэдэг нь хүний асуудал биш.

Бланс болон актив дээр хийгдэх өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлтэй маш хурдан тэмцэж төлүүлэх, цаашид Хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаанд нь оруулахад шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг хийх юм" гэлээ.