Ч.Номин: 2025 он гэхэд төрийн байгууллагууд албан бичгээ хос бичгээр хөтлөн явуулахаар болсон

Ч.Номин: 2025 он гэхэд төрийн байгууллагууд албан бичгээ хос бичгээр хөтлөн явуулахаар болсон

Монгол улс крил бичгийг 1946 оноос хэвшүүлэн хэрэглэж эхэлсэн ч бидний 1000 гаруй жилийн түүх үндэсний бичиг дээр тулгуурлан хадгалагдаж ирсэн. Иймээс үндэсний бичгийг залуу хойч үеийнхэндээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчилан таниулах нь бидний үүрэг болоод байгаа билээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу айл өрх, төрийн байгууллага болон ТББ байгууллага, ААН гээд бүгд хамтран жил бүрийн есдүгээр сарын 01-ны өдрийг “Эх хэлний өдөр” болгон жил бүр тэмдэглэхээр тогтсон.

Эл өдөрт зориулан Соёлын яамнаас "Хос бичигтэн" арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. 

Соёлын сайд Ч.Номин  энэ талаар мэдээлэл өгөхдөө “2025 он гэхэд төрийн байгууллагууд албан бичгээ хос бичгээр хөтлөн явуулахаар болсон. Энэхүү ойрын зорилт нь Монгол улстай салшгүй холбоотой бөгөөд өв соёлоо хамгаалж өвлүүлэн үлдээх үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх амин сүнс нь болно гэж үзэж байгаа юм. Иймээс манай яам уг төслийг түгээн дэлгэрүүлэхээр түүчээлэн хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Мөн биднийг даган олон байгууллагууд хамтран хэрэгжүүлэх байх хэмээн найдаж байна.

Цаашид өөрийн өв соёл, уламжлалаар бахархдаг, түгээн дэлгэрүүлж уламжлал, шинэчлэлийг хослуулан авч явдаг залуусыг бий болгохийн төлөө хамтдаа ажиллацгаая хэмээн уриалж байна.

Соёлын яамны өнөөдрийн “Хос бичигтэн яам” арга хэмжээнээс гадна цааш 11 ажил хийхээр төлөвлөсөн. Үүнд монгол бичгийн товхимол болон контент хийх ажлуудыг төлөвлөж байна. Эхний хийх ажил нь монгол бичгийн толь бичигт тулгуурласан аппликейшн бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” болох санаачилгыг төрийн байгууллагуудаас түүчээлэн гаргаж байгаа. Энэ онд Соёлын яамны нийт ажилтан албан хаагчдыг бүрэн хэмжээнд монгол бичгийг ашиглах боломжтой болгоно.Ингээд бид яамандаа судалгаа хийхэд 78 хувь нь ямар нэгэн байдлаар монгол бичгийн сургалтад хамрах шаардлагатай байгааг харууллаа. Иймээс бид эхлээд сургалтаа явуулах болно. Ингээд 2022 оноос аль болох Соёлын яамнаас гарах албан бичгийг монгол бичиг болон кириллээр гаргахаар ажиллаж байна.

Түүнчлэн соёлын өвийн гэмт хэрэгтэй урьдчилсан тэмцэх, сэргийлэх цагдаагийн нэгж байгуулах санаачилга гаргасан. Үүнийг Хууль Зүйн яамтай хамтран дараа жилийн буюу 2022 оны төвсөлт оруулан явуулах болно. Мөн энэ нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан.

Мөн Чингис хааны музейн барилгыг энэ сард ашиглалтад оруулна. Музейн үйл ажиллагааг ирэх оны дундуур нээхээр төлөвлөж байна. Соёлын сайдын хувьд дараах гурван бодлогыг түүчээлэх болно. Үүнд:

1.Бүх нийтийн соёлын боловсрол

2. Үндэсний нэгдмэл үнэт зүйл

3. Соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах

Соёл гэдэг ямар нэг байдлаар хэрэглээнд орж байж урт удаан хугацаанд оршин тогтноно. Иймд соёлыг соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулна. Түүнчлэн соёл урлагийн байгууллага, Соёлын хуульд музейн эд зүйлстэй харьцдаг ажилтан албан хаагч, олон жил соёлын салбарт ажилласан хүмүүст урамшуулал олгох заалт орсон байна.

Судалгаагаар төрийн соёлын үйлчилгээний байгууллагад ажилладаг 7000 хүний талаас илүү нь өөрийн гэсэн орон сууц байхгүй байна. Тэгэхээр бид орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ чиглэлээр төрийн соёл урлагийн байгууллагын ажилчдыг дэмжинэ” хэмээв.

Г.НАНДИНТУЯА