Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон нар энэ сарын 10-ны өдрөөс цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар "Шадар сайд, БШУ, Эрүүл мэнд, ХНХ-ын гэсэн дөрвөн сайдын хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, амралтыг зохицуулахтай холбоотой хамтарсан тушаал гарсан. Уг тушаалд цэцэрлэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 13, орон нутагт 18-аас нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зоссон үед гэртээ харах хүнгүй хүүхдүүдээ тодорхой хэмжээнд авах зохицуулалтыг хийж өгч байна. Сурагчдын амралт эхлэхээр цэцэрлэгийн ирц маш их буурдаг. 60-70 хувь ирц буурдаг учраас зайлшгүй цэцэрлэгт хамрагдах хүүхдийг аваад явна. Хүүхдээ амраахгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн багшид хүсэлтээ өгөх хэрэгтэй.
Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө.
БШУЯ-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт танхимын сургалтад хамруулах боломж байгаа эсэх талаар эрсдэлийн үнэлгээ хийсэн. Ингэхэд цар тахлаас шалтгаалан одоохондоо хамруулах боломжгүй байна гэсэн хариу гарсан. Тиймээс 2-3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 1-нээс танхимын сургалтад хамруулах асуудлыг ярилцах нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн.Цэцэрлэгийн багш нар ажлын найман цаг ажиллана. Хичээл сургуулийн бэлтгэл ажлаа хийгээд явна. Багш нар амрахгүй, үндсэн ажлаа хийгээд явна. Нэг өдөр ирээд хэдэн өдөр таслаад байж болохгүй.
Архангай аймгийн цэцэрлэгийн багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсч, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Манай бүртгэлийн санд орсон, мэргэжлийн цэцэрлэгийн багш гэсэн үг.
Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байсан нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш, цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-той холбоотой диплом нь хуурамч байна гэх дүгнэлт гарсан" гэлээ.
ҮЗЭХ: