НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр "Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Авлигатай тэмцэх газар энэ өдөр "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байна.
Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Транспарэнси Интернэшнл" зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээ дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Үүнд:
1. Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа
2. Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо
3. Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал
4. Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн
Авлигын асуудлаар нийгмийн оролцогч талууд өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлуудаа ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх шаардлагатай.
Үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсох, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулах түүхэн бололцоог энэхүү Үндэсний чуулган олгож байгаагаараа онцлог аж.
З.Дашдаваа: Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа чуулганыг нээж үг хэлэв. Тэрбээр "Аливаа улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монгол Улсын хувьд ч авлига халдварт өвчин шиг нийгэмд бугшсан байна. Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Энэ нь зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог.
Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Үүнтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. НҮБ-ын Авлигын конвенцид манай улс 2005 оноос нэгдэж орсон.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигтай тэмцэх өдөр болгон зарласан бөгөөд тус өдөр конвенцид нэгдсэн улс орнууд тус гэмт хэргийг таниулах үүрэгтэй.
Авлигатай тэмцэх үйлсэд улс орны иргэн бүрийн оролцоо чухал. 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна" гэлээ.
У.Хүрэлсүх: Авлигыг бууруулах таслан зогсоох нэг арга нь хараат бус хууль, шүүхийн байгууллага
Харин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж, сонордуулав. Тэрбээр "Авлигатай тэмцэх нь нэг өдөр, нэг хүний хийдэг ажил биш. Үүнд төрийн байгууллага түүчээлэн ажиллах хэрэгтэй. Авлигыг бууруулах таслан зогсоох нэг арга нь хараат бус хууль, шүүхийн байгууллага юм.
Авлигатай тэмцэх нь дэлхий нийтийн үйл хэрэг болоод байна. Манай улс 2017 онд авлигатай тэмцэх олон улсын стандартыг үндэсний статистик болгон баталсан анхны орон болсон" хэмээжээ.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар хөл хорионд байгаа тул цахимаар мэндчилгээ илгээлээ. Тэрээр мэндчилгээндээ "УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулсан шинэ гишүүд авлигатай тэмцэх ажилд манлайлан оролцох хүсэл сонирхол дүүрэн байна. Тиймдээ ч авлигатай тэмцэх үндэсний хороог байгуулан ажиллаж байна.
Төрийн албыг данхайх тусам авлига нэмэгддэг. Дэлхий нийтээр шүгэл үлээх гэж нэрлэдэг авлигыг илчлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Бизнесийн шударга орчин бүрдүүлэх, төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалъя" гэлээ.