Н.Мандуул: Санхүүгийн менежментийг муу хийж валютын асар өндөр буюу 9.8 хүртэлх хүүтэй зээл олгосон гэдэгтэй санал нэг байна

Н.Мандуул: Санхүүгийн менежментийг муу хийж валютын асар өндөр буюу 9.8 хүртэлх хүүтэй зээл олгосон гэдэгтэй санал нэг байна

Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Би УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан. Хөгжлийн банк болон Монгол банк эх үүсвэрүүдийг татах, татсан эх үүсвэрээр төсөл хөтөлбөр санхүүжүүлэхдээ менежментийг маш муу хийсэн гэж хэлмээр байна. Үүнээс шалтгаалж валютаар зээл авсан аж ахуй нэгжүүд валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор 467 тэрбум төгрөгийн эрсдэл шууд очиж байгаа. 2011 оноос валютын ханш 125 хувиар өссөн байна. Валютаар зээл авсан зээлийн ихэнх хэсэг нь экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэе гээд төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү зорилтууд нь Засгийн газрын томоохон зорилго зорилтуудад тусчихсан явж байгаа. Гэтэл Хөгжлийн банк, Монгол банк санхүүгийн менежментээ муу хийснээс болоод үндэсний компаниуд ханшийн маш том эрсдэлд орж байна.

Валютаар авсан зээлийн хүү жилийн 9.8 хүртэлх буюу асар өндөр хүүтэй байгаа юм. Энэ санхүүгийн эрсдлийг менежментийг муу хийсэн хариуцлагыг хэн үүрэх вэ. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг хэдэн аж ахуй нэгжүүд үүрэх юм уу. Манайх шиг валютын ханш хэлбэлзэж байдаг газарт энэ бол маш муу менежмент шүү. Компаниудад ялгамтай хандсан байна. Валютаар зээл авсан компаниуд ханшийн эрсдэлд орж хохирох гээд байдаг төгрөгөөр зээл авсан компаниуд давуу эрхтэй буюу төгрөгөөр олгосон зээлийн 214 тэрбумын ханшийн зөрүүг Хөгжлийн банк үүрэх гээд байгаа. Хөгжлийн банк энэ асуултад хариулмаар байна.  Төрийг төлөөлж байгаа ТУЗ маш муу ажилласан гэж дахиад хэлмээр байна.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул: Санхүүгийн менежмент буюу валютын ханшны менежментийг муу хийсэн гэдэгтэй санал нэг байна. Монголдоо үйл ажиллагаа явуулах, төгрөгөөр орлогоо олдог үйлдвэрүүдэд ханшийн эрсдлийг үүрүүлэх нь анхнаасаа буруу байсан юм байна аа. Ханшийн менежментийг хийх механизмийг тухайн үед хийгээгүй юм байна гэж дүгнэж байгаа. Стратегийн үндэсний томоохон үйлдвэрүүдээ хэрхэн дэмжих талаар холбогдох байгууллагатай санал солилцоод явж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүн: Хөгжлийн банкны үндсэн үүрэг нь хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг ханшны эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж байгаа. Ингэж зөвлөгөө өгч байсан уу. Хоёрдугаар асуулт. Аж ахуй нэгжүүдэд ямар учраас маш өөр хүүтэй зээл өгч байсан юм бэ. Адилхан  аж ахуй нэгжүүдэд өгсөн зээлийн хүү маш өөр, хөнгөлөлт чөлөөлөлт нь маш өөр байгаа шалтгаан хэлж өгмөөр байна.

Хөгжлийн банк захирал Н.Мандуул:  Таны зөв, бид ханшийн асуудлаар зөвлөгөө өгөх үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлээгүй. Том хэмжээний ам.долларын зээлүүдийг аж ахуй нэгжүүддээ олгосон нь шударга бус. Ялангуяа томоохон цементийн төслүүд байна. Засгийн газраас ам.доллартой тэнцэх төгрөгөөр зээл олгох шийдвэр гарсан ч ам.доллароор олгочихсон байгаа юм. Аж ахуй нэгжүүдэд харилцан адилгүй нөхцөл тавьж зээл олгосон асуудлыг бид эргэж судалж байгаа. Зээлийн хүүг эх үүсгэвэртэй уялдаад явчихсан гэж тайлбарладаг юм билээ. Үүнийг мөн нягталж шалгаж нотлох ёстой. Бид үүн дээр хууль хяналтын байгууллагатай хамтраад судалж шалгана.