ВИДЕО: Байгальд нь тавьсан ч гүйж ирсээр байгаа Б.Насанбат гуайн эрх “Коко” согоо янзагаа дагуулаад иржээ

ВИДЕО: Байгальд нь тавьсан ч гүйж ирсээр байгаа Б.Насанбат гуайн эрх “Коко” согоо янзагаа дагуулаад иржээ

Говь-Алтай аймгийн Халиун сум сүрлэг Хантайширын нуруунд идээшлэх "Коко" нэртэй согоо нь манай уншигчдад хэдийнэ танил болж, олны дунд “од” мэт яригдаж ирсэн билээ. Хоёр жилийн өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сард isee.mn сайт түүнийг онцолж, байгальд нь тавьсан ч гэртээ гүйж ирэн маллагч Б.Насанбаттаа эрхэлж буй талаар онцолж байсныг ЭНД ДАРЖ уншина уу.

ВИДЕО:

Тэгвэл хоёр жилийн дараа бид буга маллагч Б.Насанбат гуайтай дахин холбогдож өөрийнх нь тойлж өсгөсөн Коко согоо нь хэрхэн аж төрж буй талаар хөөрөлдлөө. Тэрбээр Хантайширт таван жил гаруйн хугацаанд нийт 45 янзагыг өсгөж, нас бие хүргэн зэрлэг байгальд нь тавьсан ачтан юм. Тэдний дундаас Кокогоо арын хаалгадаж хайрладаг бөгөөд одоо ч эрхлэлдэн, хэлхэлдэж явдгаа бидэнтэй ярилцахдаа хуучлав.

-КОКО ОДОО Ч ГЭРТЭЭ ГҮЙЖ ИРСЭЭР БАЙГАА АЖ-

Тэрбээр Кокогоо дурсах бүртээ инээд алдаж “2020 оны намар Коког ижил сүргийнх нь хамтаар байгальд нь тавьсан ч идээшихгүй гүйж ирж гэрийн хаяанд хэвтээд явдаггүй байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Ирэхээр нь ус, өвс тавиад өгчихнө. Ууж, идчихээд уул руу буцна. Бүр явахгүй байснаа бодвол одоо ус ууж, өвсөө идчихээд л яваад өгдөг болсон. Гэхдээ л хэсэг хугацааны дахиад л ирнэ. Ирэхээрээ надаас холдохгүй. Хаана явна дагаж гүйнэ. Бид хоёр хэлхэлдээд л явж байдаг юм. Ер нь өөрөө л надад эрхэлдэг болохоос би арын хаалгадаж хайрладаггүй шүү” хэмээн инээж байсан юм.

Тодруулбал, 2017.07.12 сард “Алтайн Халиун буга” ТББ-ынхан Хустайн нуруунаас барьж Хантайширт сэлгүүлэн нутагшуулсан 20 илийний /янзага/ нэг нь Коко юм. Тэр үеэс Б.Насанбат гуай түүнийг онцгойлон хайрлаж нөгөөх нь ч гэрт тонгочиж явдаг ямбатан болсон гэдэг. Сүүлдээ бие нь томорч гэрт багтахаа байгаад ирэхдээ гадаа хаяанд хэвтдэг болсон гэх. Дараа нь нутгийн бугануудтай сүрэглэж, үр төлтэй болог гээд гэрийн хаяанаасаа явуулж, зэрлэг байгальд нь тавихдаа яажшуухан амьдардаг бол хэмээн санаа зовж, сэтгэл нь хоосорч байсан тухайгаа Б.Насанбат гуай ярьдаг. Харин удалгүй гэртээ гүйж ирдэг болоход нь баярлан угтаж авдаг болсон гэдэг.

Үүнээс хойш Коко зэрлэг байгаль, өссөн гэрийнхээ хооронд ирэн, очиж энэ хүргэжээ.

Гүйгээд ирэхэд нь Б.Насанбат гуай үр хүүхдээ зочилж ирж буй мэтээр баярлан угтан авдаг тухайгаа байнга хэлнэ. Харин энэ жил Кокотой холбоотой шинэ мэдээ байгаа нь тэрбээр янзагаласан тухай юм.

-Б.НАСАНБАТ: ЯНЗАГАА НУУЧХААД БАЙСАН Ч САЯХАН ДАГУУЛААД ИРСЭН-

Б.Насанбат гуай энэ талаар ярихдаа “Манай тэр чинь зэрлэг амьтан мөртлөө хачин зөөлөн ааш аягтай. Дэлэнгээ бариулчихна. Нэг өдөр дэлэн нь чинэрсэн гэртээ ирэхээр нь шувтраад үзтэл сүү гарсан. Нэг газарт янзагаа нуучихаад байсан ч саяхан дагуулаад ирсэн. Торондоо хийж аваад жаахан томруулаад байгальд нь тавьчихна даа. Тэгэхгүй бол чоно, нохойн хоол болох эрсдэлтэй” гэсэн юм.

-КОКО ЗУРГАА АВАХУУЛАХ ИХ ДУРТАЙ -

Хоёр жилийн өмнө Кокогийн тухай нийтлэл гарсны дараа олон уншигч манай редакц руу холбогдон түүний талаар сонирхон асууж, Хантайширч очиж харахыг хүсэж буйгаа илэрхийлж байлаа. Энэ дагуу нийтлэлийн дараа Коког харахаар хэр олон хүн Б.Насанбат гуайнд зочилсон талаар асуухад “Манай Коко “од”. Хүмүүс их зорьж ирж хардаг болсон. Коко ч тэднээс үргэж, бэргэхгүй гүйж очно. Тэгээд хамт зургаа авахуулна. Нэг их зургаа авахуулах дуртай шүү дээ. Маягтайн дээр дүү нараа дагуулж яваад ус байгаа газрыг нь зааж өгнө. Хачин ухаатай юм” гэлээ.

Хүн, амьтны холбоо хэлхээний гайхам илэрхийлэл болсон буга маллагч Б.Насанбат, Коко согооны түүх ийнхүү үргэлжилсээр. Буга нь зэрлэг амьтны төрөл зүйлд багтдаг ч зөөлөн, дөлгөөн хүнд дасамтгайгаараа онцлог. Мөн тэсгим хүйтнийг ажрахгүй давдаг бөгөөд байгалийн цаг уурт зөнөтэй амьтан юм. Хэдий зэрлэг амьтны жамаар байгальдаа гардаг ч хүнд дасамтгай, өсгөснөө үл мартдаг, өлдөж цангахдаа гэртээ гүйж ирдэг нь Б.Насанбат гуайн буганууд тэр дундаа Коко ажээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө