“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” гар утсанд зориулсан АППЛИКЭЙШН гаргажээ

“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” гар утсанд зориулсан АППЛИКЭЙШН гаргажээ

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Программ хангамжийн төв “Цэргийн Алба Хаагчийн эрх зүйн лавлах” гар утсанд зориулсан аппликэйшныг хөгжүүлж “App store”, “Google play store”-т байрлуулжээ.

Тухайн аппликэйшныг Төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад төрийн албаны хууль, дүрэм журам болон батлан хамгаалах салбарын хэмжээнд дагаж мөрддөг цэргийн албаны холбогдолтой хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг цахим хэлбэрээр нэгтгэх, ангилан төрөлжүүлж цахим сургалтад ашиглах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн алба, сахилга зохион байгуулалт, төрийн албан хаагчийн болон офицер, ахлагчийн ёс зүйг дээшлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулсан байна.

Одоогоор тус аппликэйшнд Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги, Төрийн албаны тухай хууль, Батлан хамгаалах багц хууль, Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүд, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм, Цэргийн албан хаагчийн хувцас өмсөх дүрэм, Цол олгох журам, Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах журам зэрэг эрх зүйн баримтуудыг оруулаад байна. Цаашид төрийн болон цэргийн албаны холбогдолтой хууль,эрх зүйн баримт бичгүүдийг саналын дагуу нэмнэ. Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч, ажилтан албан хаагч болон цэргийн албаны холбогдолтой хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой бүх хүнд зориулан бүтээсэн энэхүү аппликейшныг та татаж авч ашиглахаас гадна үнэлгээ өгөх боломжтой аж.

Эх сурвалж: ЗХЖШ