БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газартай манай алба хаагчид хамтран ажиллана

БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газартай манай алба хаагчид хамтран ажиллана

Энэ есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд /2022.09.19-22/ Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын даргын урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсын Тэгү хотын цагдаагийн газрын дарга, дэд комиссар Ким Нам Хён албаны зочид, төлөөлөгчдийн хамт манай улсад албан ёсны айлчлал хийжээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Нийслэлийн цагдаагийн Удирдах газар, Бүгд Найрамдах Солонгос улсын Тэгү хотын цагдаагийн газар хоёр улсад оршин суугаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үндэстэн дамнасан гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан байна.

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэгү хотын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг” байгуулах үйл ажиллагаа өчигдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт болж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал болон албан хаагчид оролцжээ.

Дээрх санамж бичгийн хүрээнд хоёр талын цагдаагийн алба хаагчдыг кибер болон мөнгө угаах төрлийн үндэстэн дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулах, харилцан туршлага судлах, мэдээ, мэдээлэл солилцох, шинэ техник, технологийг ашиглах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэргээр харилцан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.