Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамж гаргасан. Энэ хүрээнд 2022 оны есдүгээр сарын 25-ны өдийг Автомашингүй өдөр болгон зарлаад буй.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, “2009 оноос хойш жил бүр автомашингүй өдрийг зохион байгуулж байна. Энэ дагуу нэлээн өргөн хүрээнд ням гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” гэсэн уриа дор Нийслэлийн эрүүл мэндийн газар голлон дэмжин ажиллана. НҮБ-ын 64 дүгээр ассамблейд автомашинаас бусад сонголтыг гэх уриа дор жил бүрийн есдүгээр сарын 22-ний өдөр автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Бидний хувьд ажлын өдрүүдэд хүмүүсийг ажил ихтэй байх хэмээн амралтын өдөр тэр дундаа бүтэнсайн өдөр зүгээр болов уу хэмээн сонгосон. Нэг өдөр автомашины хэрэглээг хязгаарлаж, гэр бүлдээ цаг зав гарган төв зам дээрээ цагийг өнгөрүүлэх өөрсдөө явган алхах эрүүл мэнд талаасаа өндөр ач холбогдолтой. Маш олон арга хэмжээ зохион байгуулагдана. Жишээлбэл, спортын олон уралдаан тэмцээнийг хийнэ. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, шатрын тэмцээн, спортын төрлийн үзүүлэх тоглолт мөн МУИС-ын 80 жилийн ойг тохиолдуулан өглөө марафон гүйлт зохион байгуулна. МУИС-ийн үе үеийн төгсөгчид оролцоно. Хүүхдүүдэд зориулсан гар зургийн уралдаан , флашмоб, жүжиглэсэн тоглолт зэрэг тодорхой арга хэмжээг зохион байгуулна. Орой нь сонгодог дуурийн тоглолт болно" гэв.
МөнНийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөлч Н.Сугар "Есдүгээр сарын 25-ны автомашингүй өдрөөр 19 томоохон зах худалдааны төв болон 100 айл орчмын барилгын материалын бүх зах, дэлгүүр ажиллахгүй" гэлээ.