Амаржсан ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг монгол уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийнхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон. Иймээс Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв/ЭХЭМҮТ/ шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.
Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө. Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авдаг боллоо хэмээн тус эмнэлгээс мэдээлжээ.