"Монголд ажил хийх хүн олдохгүй байгаа нь халамжаас болоогүй, тэдний хүссэн цалинг нь өгөхгүй байна" гэж Д.Сарангэрэл сайд мэдэгдэв

"Монголд ажил хийх хүн олдохгүй байгаа нь халамжаас болоогүй, тэдний хүссэн цалинг нь өгөхгүй байна" гэж Д.Сарангэрэл сайд мэдэгдэв

Улс орны хэмжээнд ажиллах хүчин олдохгүй хомстолд орсон талаар сүүлийн жилүүдэд ярих болсон. Тодруулбал, ажлын байрны орон тоо зарладаг ч ажиллах хүн олдохгүй байна гэж буй юм. Тэгвэл яг асуудлын хүрээнд өнөөдөр /2022.09.26/ Нийгмийн бодлогын байнгын хорооноос хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхан оролцов. 

Энэ үеэр ажиллах хүчний хомстолд орсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл судалгаа танилцууллаа. 

Тэрбээр "Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ), Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ), Дэлхийн Банк хамтран "Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт 2020 судалгаа", "Монгол Улсын ядуурлын нөхцөл байдал 2020" судалгааг хийсэн. Судалгааны дүнгээс харвал "Ажил хийх боломжтой ч ажилгүй байгаа 207,800 хүн байна. 

Эдгээр иргэний

  • 87.7 мянга нь ажилгүй хүн
  • 70.7 мянга нь боломжит ажиллах хүч
  • 49.4 мянга нь ажил хийх хүсэлтэй ч ажил хайгаагүй хүмүүс байна. 

Гэтэл өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүдийн 19.1 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон хэмээх судалгааны дүн гарчээ. Халамж хавтгайрсан тул үүнийг зогсооё, тэгэхээр хүмүүс ажил хийнэ гэсэн хөнгөн хуумгай хандаж болохгүй. Таван хүүхэдтэй айл 500 мянгаар бүх хэрэгцээний зардлаа хангаж байна гэж бодохгүй байна. Яагаад хөдөлмөрийн насны хүмүүс ажил хийх сонирхолгүй байна вэ гэдэг л их чухал. Гэхдээ би халамжийг бүрэн зөв гэж хэлээгүй шүү. 

ХНХЯ-ны дүгнэлтээр

  • Иргэд тухайн салбар, ажлын байран дээр очиход гологдож байгаа тул ур чадвар сургаж, дадлагажуулах шаардлагатай.
  • Монгол хүн Солонгос, Японд маш сайн ажилладаг. Монголчууд шиг өндөр үнэлэгдэж буй улс орны иргэд ховор. Монголд иргэддээ хүссэн ажил, цалинг нь өгөхгүй байна. Үүнд нь тохирсон үйл ажиллагааг хийх ёстой гэж үзэж байна.
  • Төрийн албаны цалин хөлсийг шинэчилнэ. 2023 оны төсөвт оруулахаар ажиллаж байна. 
  • Тэтгэврийн шинэчлэлийг хийх цаг нь болсон гэж бид дүгнэж байна. 
  • Хүн амын хөгжлийн бодлого буюу ахмад, залуу, хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүл рүү чиглэсэн бодлогоо тус тусад нь гаргаж байгаа. Төлөвлөгөөг маш нарийн гаргаж байгаа. Цаашдаа богино хугацаанд бодит үр дүн гаргахаар ажиллаж байна.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 100 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг. Үүний 70 гаруй хувийг МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлэгт зарцуулж байсан байна. Энэ жилээс уг мөнгийг МСҮТ-ийн оюутны тэтгэлэгт өгөхөө болиод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжилтээ зориулалтаар нь ашиглах боломж бүрдэж байгаа юм.

ХИЙХ АЖИЛ: 

Захиргааны байгууллагын мэдээлэл, судалгааны мэдээлэлд үндэслэж халамжийн бодлогыг тодорхойлно. 

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авдаг, ядуурлын түвшингээс доогуур орлоготой 1520 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргах зорилт тавьсан. Тухайлбал Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн үнэхээр ядуу байгаа, дэмжих шаардлагатай өрхийг сонгоно. Тухайлбал, өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байна. Энэ загвар амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах вэ гэдэг загварыг бий болгоно.

Хятад, Солонгос тус тусдаа ядуурлаас гаргах загвараа танилцуулаад амжилттай болсон. Туркт ч амжилттай болсон жишээ бий" гэлээ.