Өнөөдөр-Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Өнөөдөр-Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Өнөөдөр-Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран Д.Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын үзэсгэлэнг нээлээ.

Энэ үеэр НАЖГ-аас мэдээллийн төвөөрөө дамжуулан зохион байгуулдаг үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхээс гадна зочлох үйлчилгээний танилцуулга, аяллын зөвлөмж, салбарын хүний нөөцийг бэлтгэж буй их, дээд сургуулиудын талаар мэдээлэл өгч байна. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ныг ийнхүү тэмдэглэдэг юм. ДАЖБ-ын гишүүн 154 орон 1980 оноос, харин Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 

Манай улс коронавирусны цар тахлаас өмнө буюу 2019 онд гадаадын 500 мянга гаруй жуулчин хүлээн авч байв. Ингэснээр дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого оруулж байлаа.