Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой ӨНӨӨДӨР тохиож байна

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой ӨНӨӨДӨР тохиож байна

Монголын утга зохиолыг үндэслэгчдийн нэг их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой өнөөдөр /2022.11.17/ тохиож байна.

Эл өдрийг тохиолдуулан Төв аймгийн Баяндэлгэр сум болон Багануур дүүрэг тус тусдаа яруу найргийн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд Баяндэлгэрт суманд өчигдөр /2022.11.16/ “Хэнз хурга” хүүхдийн яруу найргийн наадам болсон бол өнөөдөр /2022.11.17 Багануур дүүрэгт насанд хүрэгчдийн дунд “Миний нутаг” наадам болно.

Түүнчлэн Их зохиолчийн мэндэсний 116 жилийн ойг тохиолдуулан Багануурт дүүрэгт байдаг түүний хөшөөнд цэцэг өргөх аж. 

Их зохиолч Д.Нацагдорж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар 1906 оны энэ өдөр ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.  

Тэрбээр тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид 1925 онд суралцаж, 1926 оны есдүгээр сарын 11-ний өдрийн намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлын шийдвэрийн дагуу Герман Улсад суралцсан юм. Эхнэрээ охин Н.Анандагийн хамтаар ОХУ-ын Ленинград хот руу явуулсны дараа улсын төв театрын зохиолчоор ажиллаж байгаад 1937 оны долоодугаар сарын 13-нд өөд болжээ. Түүний бичсэн зохиолуудаас “Миний нутаг” шүлэг, “Харанхуй хад”, “Хуучин хүү” өгүүллэг, “Учиртай гурван толгой” дуурь нь өнөөг хүртэл мартагдашгүй байсаар иржээ. Ялангуяа түүний “Харанхуй хад” өгүүллэгийг бүрэн тайлж, задлаагүй бөгөөд зарим судлаач Д.Нацагдоржийн зохиолын агууламж, санааг одоо ч шагшин, магтсаар байдаг. Өөрийн зохиол бүтээл төдийгүй Америкийн нэрт зохиолч Эдгар Аллан Погийн “Алтан цох”-ыг орчуулсан нь одоо ч шилдэг орчуулгуудын нэг хэвээр үлджээ.