Гашуунсухайт авто замын эвдрэлийн улмаас сүүлийн гурван жилд 15 тээврийн жолооч амиа алджээ

Гашуунсухайт авто замын эвдрэлийн улмаас сүүлийн гурван жилд 15 тээврийн жолооч амиа алджээ

Таван толгойн тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл өнөөдөр /2022.11.17/ Өмнөговь-Гашуунсухайт чиглэлийн замд гарсан ослын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Өмнөговь-Гашуунсухайт чиглэлийн замд гарсан ослын улмаас хохирсон н.Чулуунбаатар "Өмнөговь-Гашуунсухайт чиглэлд том оврын машин жолоодож явахдаа осолд орсон. Ослын дараа өөрийгөө эргэж олох, нийгэмших  их цаг хугацаа шаардсан. Иймээс тээвэрчдийг зам тээврийн ослоос хамгаалахын тулд тус чиглэлийн замыг засах шаардлагатай" гэв.

Аян зам тээвэрчдийн холбооны УЗ-ийн дарга П.Баярхүү "Гашуунсухайт авто зам гэдэг ойлголт ЭТТ бүлэг ордны 0 км-ээс урагшаа явсаар байгаад Гашуунсухайтын хил хүртэлх 230 км-ийн хатуу хучилттай замыг хэлдэг.

Тус замыг Эрдэнэс Монгол компани барьж, улсад зарсан байдаг. Харин улс мөнгөө олж авахын тулд Гашуунсухайт автозам ХК-аар дамжуулаад тонн бүрээс 3250 төгрөг авдаг. Жилдээ 50-53 тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэсэн тоо бий.

Гэтэл тус мөнгийг энэ мөнгийг замд зарцуулахгүй байгаа учир маш олон осол гарч байна.

Та нарын засахгүй үлдээсэн нүхний улмаас олон гэр бүлийг өнчрүүлж, залуусын амь насыг авч одож байна. Манайд 26 өнчин хүүхэд бүртгэлтэй. Сүүлийн гурван жилийн дотор 14-15 тээврийн жолооч энэ замд ослоор амиа алдсан.

Гашуунсухайт авто замын 70-120 км орчимд хоёр давхар чиргүүлтэй, 140 тоннтой автомашинууд зогсож чадахгүй байна. Тийм их нүх бий. Урдаас нь ирж буй автомашины жолооч амь алдах эрсдэл 90 хувь. Өнөөдөр зөвхөн ЭТТ-д өдөрт 650 орчим тээврийн хэрэгсэл давхар чиргүүлтэйгээр, 140 тонн нүүрс ачиж байна. Гэтэл жолооч нар нь шууд амь насаа алдах эрсдэлтэй зам тэднийг хүлээж байна. Тээвэр сэргээд хагас жил болж байна. Гэвч энэ замыг засахгүй байна. Сая хоёр жолооч амиа алдлаа. Долоо хоногт нэг жолооч амиа алдаж, хүүхэд өнчирч үлдэхийг хармааргүй байна" гэлээ.