Х.Нямбаатар: Би Жорж Чен гэдэг нөхрийг “ажлаас нь халж өгөөч” гэх албан бичгийг “фейсбүүк” компанид явуулна

Х.Нямбаатар: Би Жорж Чен гэдэг нөхрийг “ажлаас нь халж өгөөч” гэх албан бичгийг “фейсбүүк” компанид явуулна

Өнгөрөгч оны есдүгээр сард /2022.09.20/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Facebook цахим сүлжээний Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чентэй уулзаж, хурдтай хөгжиж буй цахим орчин, түүний зохицуулалт, эрх зүйн орчны талаар санал солилцсон.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон талаар өөрийн цахим хуудаснаа мэдэгдэж байсан ч тус мэдэгдлийг Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен үгүйсгэжээ. Тодруулбал, Жорж Чен өөрийн твиттер хуудаснаа, “Энэ бол худал. УИХ-аар яаран сандран батлагдахаас өмнө энэхүү хуулийн төслийг хэзээ ч харж танилцаж байгаагүй. Хууль батлагдсаны дараа л анх удаа мэдсэн” гэжээ.

Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Би тэр Жорж Чен гэх нөхрийг ажлаас нь халж өгөөч гэх албан бичгийг ирэх даваа гарагт “фейсбүүк” компанид явуулах гэж байгаа. Надтай уулзсан, хуулийн орчуулгаа өгсөн, хамтарч ажиллая, 11 дүгээр сард ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Гэтэл намайг худалч хүн гэсэн. Надтай уулзсан ярианых нь аудио протокол байгаа. Мета компани, фейсбүүк сүлжээ улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан. АНУ-ын шахалт дарамтад оруулж, манай улсыг хоригт оруулна гэсэн мэйлүүдийг ч ирүүлж, оролцохын дээдээр оролцсон. Тиймээс эхний ээлжид Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас халж, надаас уучлалт гуй гэсэн шаардлагыг тавина. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэлээ.