Л.Энх-Амгалан: Финландын математик, англи хэлний сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ

Л.Энх-Амгалан: Финландын математик, англи хэлний сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ

Хувийн болон төрийн өмчийн сургуулийн хичээлийн хөтөлбөрийг ижил болгоно гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. 

Тэрбээр "Боловсролын чанарыг яаж дээшлүүлэх нь хүн бүхний тулгамдсан асуудал боллоо. Финланд улс дэлхийд боловсролоороо тэргүүлдэг. Тус улсад хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлдэг байна. Манай улсад эсрэгээрээ хамгийн ойрхон сургуулиуд нь муу. Хувийн, төрийн, хот, хөдөөгийн, захын, төвийн сургуулийн ялгаа газар тэнгэр шиг болсон. Тиймээс дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагыг авч төрийн сургуулиудад нэвтрүүлнэ. Финландын математикийн сургалтын платформ дэлхийн 170 гаруй оронд туршигдсан, манай улсын үнэтэй хувийн сургуулиуд авч хэрэглэдэг.  Манайд бол үнэтэй хувийн сургуулиуд л энэ хөтөлбөрийг авч хэрэглэдэг.

Төрийн өмчийн сургуулиуд энэ хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлж болдоггүй вэ гэдэг асуудал яригдана. Бид хэлэлцээрт орж байна. Ямар ч байсан сая эхэлсэн хичээлийн улирлаас зургадугаар сар хүртэл 50 сургуулийг сонгож энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Зургадугаар сард туршилт амжилттай болвол есдүгээр сард улс даяар 5-6 дугаар ангийн математикийн хөтөлбөрийг Финландын хөтөлбөрөөр солино. Үүнтэй холбогдуулан зөвхөн математикийн хөтөлбөр биш англи хэлний хөтөлбөрийг Английн компаниас туршилтын журмаар 50 сургуульд нэвтрүүлсэн. Туршилт амжилттай болвол мөн есдүгээр сараас 5-6 дугаар ангийн хөтөлбөрт ороод явна. Англи хэл, математик, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлийн хөтөлбөрт дэлхийн тэргүүн тушлагыг авч хэрэглэх нь цаг хожсон, төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн чанарын ялгааг арилгах түлхэц болно.

Хувийн сургуулиуд нэг хүүхдийн лицензийг 25-30 еврогоор авдаг бол бид туршилтын хугацаанд нийт 30 мянган хүүхдэд найман доллараар авч байна. Туршилт амжилттай болвол төрийн өмчийн 800 гаруй сургуульд авч хэрэгжүүлнэ. Энэ жил 5-6 дугаар анги, дараа жил 7-8 дугаар анги гээд явна. Гуравдугаар ангиас англи хэл заая гэж байгаа учир 3-аас дээш ангид нэвтрүүлнэ. Нэгдүгээр ангиас мэдээлэл технологийн хичээл ордог болно. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш нарыг туршлагажуулах, чадваржуулах шаардлагагүй. Багш зөвхөн хүүхэдтэй харьцах, суралцахуйн үйл ажиллагааг удирдах ёстой" гэлээ.