"Монголын төмөр зам" ХК боомтын төмөр замаа Хятадын талтай холбож ирэх долдугаар сард тээвэр эхлүүлнэ

"Монголын төмөр зам" ХК боомтын төмөр замаа Хятадын талтай холбож ирэх долдугаар сард тээвэр эхлүүлнэ

“Монголын Төмөр зам” компани төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр тавих төмөр замын асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Монголын төмөр зам" компанийн захирал П.Ганхүү ""Монголын Төмөр зам" компани 2008 оны гуравдугаар сарын 20-нд байгуулагдаж, 15 жил үйл ажиллагаа явуулж байна. “Монголын Төмөр зам” компани  100 хувь Монголын төрийн өмчийн ХК юм. 2022 оны сүүлээр Засгийн газраас “Монголын Төмөр зам” компанийг цаасан дээрх компани биш, бодитой төмөр замтай байх ёстой гэж үзэж, хариуцлага үүрүүлсэн.

“Монголын Төмөр зам” компанийн хариуцсан Таван толгойгоос Зүүнбаян хүртэлх 416 км төмөр замын тухайд гэвэл 2022 онд холбоо дохиоллын хамгийн чухал системийг угсарч дуусгасан. Энэ төмөр зам нэг өртөө, зургаан зөрлөгтэй. 462.5 км дэлгэмэл урттай. Үндсэн ажлууд дууссан. Мал амьтнаас хамгаалах хашааны ажил дутуу байгаа. Туршилтын тээвэр явсан.

Таван толгойгоос бариад Гашуун сухайтын боомтын наана 7 км тулж зогссон. Хангийн зам мөн адил холболт хийгдээгүй. Мөн энэ ажлыг хийхдээ зүүн, баруун, босоо тэнхлэгийн том төмөр зам ярихаас гадна Бичигт, Зүүн хатавч, Шивээ хүрэн боомтын төмөр замыг эхэлж барих бодлого баримталж байгаа. Энэ ажлыг эхлүүлэх хэлэлцээг эхлүүлсэн. Боомтын төмөр замын техник, эдийн засгийн үнэлгээг “Монголын Төмөр зам” компанийн баг ажиллаж байна. Боомтын төмөр замаа Хятадын талтай тохирч холбох шаардлагатай. Энэ ажлыг хийгээд, долдугаар сар гэхэд тээвэр эхлүүлэх том зорилго тавьсан. Бид маш богино хугацаанд шуурхай ажиллана" гэв.