Эсгий урлалын “Хангайн сор” брэндийг үүсгэн байгуулагч, театрын зураач, урлаач Н.Болормаагийн бүтээгдэхүүнийг Япончууд шууд нэвтрүүлэх боломжтой хэмээн үнэлжээ.
Эсгий урлалын “Хангайн сор” брэнд нь 2007 онд байгуулагдаж, зээгт наамал, арьс ширээр цүнх болон бусад бүтээгдэхүүнийг урладаг. Ингэхдээ дахин давтагдахгүй загварыг хийдгээрээ онцлог билээ. Улмаар “Хангайн сор” брэнд 2011 онд Япон улсын урилгаар очиж бүтээгдэхүүнээ танилцуулж, зах зээлийн судалгаа хийсэн байна. Энэ үеэр япончууд тус брэндийн бүтээгдэхүүнийг “шууд нэвтрүүлэх боломжтой” хэмээн үнэлж их хэмжээгээр бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавьсан аж.
Тус брэндийн үүсгэн байгуулагч Н.Болормаа нь сарлагийн хялгасаар өвөрмөц загвартай цүнх урлахын зэрэгцээ “Херо Энтертайнмент” студитэй хамтран ажиллаж, жүжигчдийн хувцас, өмсгөлийг урлаж буй аж. Түүний хувьд багаасаа аав, ээжээсээ зурах, урлах, оёж хатгах авьяасыг өвлөж, гутал, хувцсаа засаж янзлаад гоё болгоод өмсчихдөг, эгч дүү нартаа майк, цамц нэхэж өгдөг байжээ.