Л.Ганбат: ЭЕШ авч буй байр болгонд металл илрүүлэгч, сүлжээ унагаагч, баркод унших машин зэрэг техник ашиглана

Л.Ганбат: ЭЕШ авч буй байр болгонд металл илрүүлэгч, сүлжээ унагаагч, баркод унших машин зэрэг техник ашиглана

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж буйтай холбогдуулан зарим зохицуулалт, авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат, "Энэ жилийн ЭЕШ-д нийт 34432 шалгуулагч хамрагдахаар бүртгүүсэн байна. Улсын хэмжээнд математикийн хичээлийг 23 мянга гаруй буюу хамгийн олон сурагч сонгосон. Өнөөдөр түүхийн хичээлийг 1600, англи хэлний хичээлийг 21 мянга гаруй шалгуулагч өгөхөөр бүртгүүлжээ.

Элсэлтийн Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн жилд хоёр удаа авдаг болсон. Энэ жил зургаа болон 12 дугаар сард зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Их, дээд сургуулиудийн өвлийн нэмэлт элсэлт зохион байгуулж байгаа.

Мөн өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн ЭЕШ-ын дүн онооны системийг блокчейн технологи руу шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл шалгуулагчийн өмнө тестийн машинаар материалыг уншиж, дүн мэдээлэл нь автоматаар блокчейн системд байршина. Үүний гол ач холбогдол нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүний оролцоогүй, бүх процесс амтоматжсанд байгаа юм. Нөгөө талаар блокчейнд нэгэнт байршсан дүн оноог хэн нэгэн өөрчлөх, засах, устгах боломжгүй.

Мөн “BI” систем буюу ЭЕШ-ийн шалгалтын бүх түвшний анализ, дүн шинжилгээг хийдэг болсон.

Үүний ач тус нь тухайн сургууль, аймаг, орон нутгийн боловсролын газрууд нь шалгалтын материалд дүн шинжилгээ хийж, тус агуулгыг сургалтын системд нэмж, сайжруулалт хийх боломж бүрдсэн.Өнгөрсөн жилээс эхлэн Олон улсын шалгалтын дүн оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлдэг журам хэрэгжиж байна. Өнгөрсөн жил 1000 орчим иргэдээс дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт ирсэн бол энэ жил 4000 орчим болж нэмэгдсэн.

Монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан. 4856 шалгуулагч босго оноондоо хүрээгүй. Энэ хүүхдүүдэд дахин боломж олгох үүднээс наймдугаар сарын 19-нд мөн арваннэгдүгээр сард дахин авна. Өнөөдөр түүх, англи хэл маргааш хими, газарзүй, нийгэм судлал, нөгөөдөр биологи, математик сүүлийн өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалтаар ЭЕШ дуусна. Улсын хэмжээнд 47 шалгалтын байранд хуваарилан зохион байгуулж байна.

ЭЕШ өгч буй хүүхдүүдэд дэмжлэг болох, үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс шалгуулагч сурагчид бүртгэлийн хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих, шалгалт авч буй газруудын ойр орчим замын түгжрэл үйсгэхгүй байхад анхаарч ажиллаж байна. Мөн цахилгаан түгээх станцтай хамтран шалгалт авч буй байршилд засвар хийхгүй байхад анхаарсан. Түүнчлэн Ubcab зэрэг хувийн байгууллагууд үнэ төлбөргүй, хурдан шуурхай үйлчлэх уриалга гарган ажиллаж байгаа.

ЭЕШ өгч буй байр болгонд металл илрүүлэгч, сүлжээ унагаагч, баркод унших машин зэрэг техник ашиглана.

Энэ жилийн хувьд хориглосон эд материалыг авч орохыг хатуу хориглож, энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байгаа.

Журамд зохицуулагдсаны дагуу Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй сурагчид ч ЭЕШ өгөх бүрэн боломжтой" гэлээ.