“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” -ын хүрээнд Цам харайх ёслол Хүй долоон хутагт Төв талбайд болж байна.
Цамын ёслол нь хүнд хүчир шашны ёслолуудаас хамгийн томд тооцогддог. Цамын ёслолыг хийх лам нар 2-3 сарын бэлтгэл хийдэг байна. Том хүнд баг, зузаан хувцастай энэ ёслолыг хийхийн тулд бэлтгэл сайн хангах хэрэгтэй болдог. Монголчууд эрт дээр үеэс цам харайсан хүн буян хурдаг, урт насалдаг гэж ярьдаг. Цамын бүжиг хийдэг лам нар хөл, гар, биеийн хөдөлгөөнийг уран яруу хийдэг. Өөрөөр хэлбэл эртний үлгэр домгийг биетээр харуулахын тулд тэнгэр нар гэх мэтийг төлөөлсөн амьтдыг дуурайлган хийсэн баг хувцас өмсөөд тус тусын хэлээр ярьж бүжиглэдэг байжээ. YIII зууны үед Төвдийн анхны хийд болох Самьяа хийдийг барьж байгуулахад тэр үеийн Төвд орны хар зүгийн лус савдагууд элдвээр эсэргүүцэж ажил үйлсийн замд нь ихээхэн саад тотгор учруулсан гэдэг.
Тийм учраас Энэтхэгийн их тарнич ловон Бадамжунай Хэлая бурхны баг хувцсыг өмсөж цамыг зохион байгуулан хар зүгийн лус савдагийг ялаад саадыг арилган амар амгаланг тогтоожээ. Түүнээс хойш янз бүрийн цамын бүжгүүд тархан дэлгэрсэн түүхтэй юм. XYI зууны үеэс эхлэн Төвдийн шарын шашны хийдүүдэд түгэн дэлгэрчээ. XIX зууны эхээр Монголд анх Гэсэрийн түүхийг бүжиглэж Гэсэр цам гэдгийг байгуулснаар Монгол цамын түүх эхэлдэг. Түүний дараа 1811 онд Их хүрээнд Ямандаг бурхан аюулт эрлэгүүдийг номхотгосон тухай түүхийг харуулсан Жахар цамыг бий болгожээ.
Тухайн үед Төвдээс ирсэн лам цамын хамгийн нандин нууц тарни бүхий “Дансран Жамцын гарчим” гэдэг номыг зааж өгөөгүй ажээ. Тэрхүү нууц номыг Хүрээний XII их хамба байсан Хайдав лам бүтээснээр цамын нууц номлолын ёсон бүрдсэн гэдэг. Түүнээс хойш лам нар жилд нэг удаа цугларч дадлага туршлагатай, өндөр мяндаг тушаалтан ламын удирдлаган доор 1-2 сар тусгай сургууль хийсний дараа зуны сүүл сарын шинийн 9-нд шарын шашны зан үйлийг сүсэгтэн олонд таниулах зорилгоор цам бүжиглэдэг болжээ. Манай оронд тоглогдож байсан цамуудын хамгийн том нь Хүрээ цам юм. Үүнд Эрлэг номун хаан болох Дамдинчойжоо, Цагаан өвгөн, Улаан жамсран, Баян намсрай, Хангарьд, Гомбо гэх мэт 108 баг бүхий дүрүүд гардаг. Мөн ардын дунд тархсан домог түүхтэй холбоотой амьтад болох жигүүртний хаан Хангарьд, араатны хаан Арслан, гоо үзэсгэлэнгийн дээд Буга, зөгнөгч Хэрээ болон зарим тэжээмэл амьтдыг дүрсэлсэн эерэг болон сөрөг дүрүүд оролцдог.
Цам харайхын утга учир: Цам нь ад хорлол, гай барцад, муу муухай бүхнийг даран сөнөөх зорилготой нууц тарнийн ёсонд тулгуурласан шашны зан үйл юм. Чойжин сахиусуудыг бодитойгоор харуулснаар хүний сэтгэлийн гүнд нууц тарнийн онолын үрийг суулгаж байгаа ажээ. Үнэхээр сүсэглэж чадвал сахиус чойжингууд бодитойгоор морилон бууж цамнан бүжиж байна гэж бодогдох учиртай гэдэг.
Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах, хөөн зайлуулах номын үйлдэл юм. Тийм үйлдэл хийснээр тийм муу зүйлийн хорлолыг дарна гэх мэт гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хамгийн гол нь хүний сэтгэлд буй уур, мунхаг, тачаангуй гурван хорыг даран мөхөөж элдэв зүйлийн гайгаас ангижруулах увидас шидтэй бурхны шашны хатуу үйл гэж номлосон байдаг. Нууц тарнийн ёсны дэг сахилга хатуу учир цамын Чойжин сахиусны бясалгалыг хийж, дотоод санаа бодол нь номын зүгт бүрэн хандсан, номын абшиг санваар хүртсэн лам хуврагууд л цамд цамнадаг. Цам нь жирийн нэг бүжиг наадам биш, баг өмсгөл чимэг зүүлтээсээ эхлээд гар хурууны байрлал хөдөлгөөн, харайх үсрэх нь цөм нууц тарнийн ёсны зан үйлийн гүн бясалгалын илэрхийлэл байдаг.