Францад 600 мянга орчим хүн цалин нэмэх, боловсролын салбарын санхүүжилтийг өсгөхийг шаардан жагсжээ

Францад 600 мянга орчим хүн цалин нэмэх, боловсролын салбарын санхүүжилтийг өсгөхийг шаардан жагсжээ

Франц даяар арваннэгдүгээр сарын 5-нд өрнөсөн бүх нийтийн ажил хаялт, жагсаалд 600 мянга орчим хүн оролцсон талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. Харин жагсаал зохион байгуулагч үйлдвэрчний эвлэлийн CGT холбоо нийт оролцогчдын тоог 1.6 сая орчим гэж тооцсон байна.

Жагсагчид цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, амьжиргааны өртгийн өсөлтийг бууруулах, боловсрол болон эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Тодруулбал, Францын хамгийн том үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох CGT хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан бол CFDT холбоо сарын цалинг 100 еврогоор нэмэгдүүлэх санал гаргажээ. Мөн оюутан, сурагчид сургуулийн орчин, багшлах боловсон хүчний хүрэлцээ, их сургуулийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Энэхүү хөдөлгөөн өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс ахлах ангийн сурагчдын сургалтын орчин, нөхцөл байдлыг сайжруулах шаардлагаар эхэлсэн ч амьжиргааны өртөг, нийгмийн тэгш бус байдал, төрийн үйлчилгээний хүртээмжийн асуудлыг хамарсан өргөн хүрээний эсэргүүцэл болон өргөжжээ.

Жагсаалын үеэр нийтийн тээвэр, төмөр зам, сургууль, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдсон байна. Тухайлбал, боловсролын яамны мэдээлснээр улсын сургуулийн багш нарын 15 гаруй хувь ажил хаялтад нэгдсэн бол Парис хотын Эйфелийн цамхаг тухайн өдөр ажиллаагүй байна. Францын эрх баригчид жагсаалын үеэр аюулгүй байдлыг хангахаар улс даяар 70 мянга орчим цагдаа, жандарм дайчилжээ. Ихэнх жагсаал тайван болсон ч зарим хотод цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, нийт 448 хүнийг баривчилсан бөгөөд 53 цагдаагийн алба хаагч гэмтсэн талаар мэдээлжээ.

Үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню ирэх даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 9-нд үйлдвэрчний эвлэлүүд болон ажил олгогчдын төлөөлөлтэй уулзахаар болжээ. Уулзалтаар цалин хөлс, иргэдийн худалдан авах чадварын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Reuters